Улаангом хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-15 10:21:01
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-аас аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас 300 ширхэг гацуур оруулж ирэн төв зам дагуу суулгаж дууссан байна. Одоо Цагаан хаалганаас дөрвөн зам хүртэл гэрлэн чимэглэл байршуулах, Хөдөлмөрийн дээд сургуулиас Гиваан баатарын талбайн чиглэд Г хэлбэртэй гэрэлт гудамжтай болохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна Увс нуурын хөвөөнд 400 ширхэг мод суулгаж, арчилж тордох асуудлыг нь шийдвэрлэжээ.
“Арын дөрвөн зам хүртэл гэрлэн чимэглэл, Гивааны талбайн арын зам дагуу Хөдөлмөрийн дээд сургууль хүртэл гэрэлт гудамжтай болсноор хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна зуны улиралд иргэд амарч тухлах нөхцлийг бүрдүүлэх юм. Сүүлийн жилүүдэд Улаангом хотын төв гудамж талбай, зам дагуу тохижилтын ажил их хийгдэж байгаа. Иймд иргэн бүр тохижилтын ажлыг хайрлаж хамгаалах төлөвшилтэй байх, малтай иргэд хотын ногоон байгууламж руу малаа оруулахгүй байх нь чухал байна” хэмээн Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт хэллээ.
Б.Батхүү
関連ニュース