Улаанзагалмай хорооны хандивлагч гишүүд Улиастай хотод туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-18 18:55:57
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Улаанзагалмай хороо /УЗХ/-ны хандивлагч, ивээн тэтгэгч онцгой гишүүд энэ сарын 4-7-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод туршлага судлах, танилцах аялал хийгээд ирлээ. Аялалд 13 сумын малчдын төлөөлөл, хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, хорооны хамт олон гээд 30 гаруй хүн оролцсон юм.

Энэхүү туршлага судлах аялал нь аймгийн УЗХ-ны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй төлөвлөгөөт ажил юм. Улиастай хотын Улаанзагалмай нийгэмлэг /УЗН/-ийн үйл ажиллагаатай болон хөдөө аж ахуйн шинжлэх ухааны төв, хадлангийн тоног төхөөрөмжийн худалдааны газар, шилдэг малчдын бүлэг, үзэмчин үүлдрийн хонины сүргийн үйл ажиллагаатай хоёр өдрийн турш танилцлаа.

Монгол Улсын аварга малчин, аймгийн УЗХ-ны ивээн тэтгэгч онцгой гишүүн Г.Мөнхбаяр “УЗХ-ндоо тогтмол хандив тусламж үзүүлдэг. Гэхдээ яг ийм төрлийн аялалд анх удаа оролцож байна. Хөрш зэргэлдээх улсынхаа малчдаас, хөдөө аж ахуйн салбарынхнаас нь туршлага судалсандаа үнэхээр их баяртай байна. Тус улсын малчиддаа бэлчээрийг нь хуваарилж өгсөн нь их таалагдлаа. Учир нь манай малчдын хувьд бэлчээрийн асуудал үнэхээр хүнд шүү дээ. Мөн төрөөс малчдаа үнэхээр сайн дэмждэг юм байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин Дарьганга сумын сайн малчин, залуу малчдын төлөөлөл Т.Рэнцэндорж  хэлэхдээ “Залуу малчдын хувьд ахмадуудаасаа л суралцдаг. Мэдээж энэ зөв. Гэхдээ залуу малчид маань бүлэг, хоршоо болж хамтран ажиллавал илүү үр дүнтэй. Үүний тод жишээг Улиастай хотын малчдын бүлгээс харлаа. Анх тавуулаа нийлж бүлэг болсон малчид өдгөө хотынхоо шилдэг малчдын бүлэг болж чадсан байна. Малчдын хичээл зүтгэлээс гадна төр засгийнх нь дэмжлэг үнэхээр их юм. Тиймээс ийм амжилттай яваа байх. Хашаа хороо, өвсөө хадгалах агуулах, мал угаалга тарилгын хашаа гээд бүгд яг стандартынх юм. Ялангуяа мал угаалга, тарилгын хашаа нь үнэхээр их таалагдлаа. Нутагтаа очоод хэдэн малчидтай нийлээд хийвэл болмоор юм шиг санагдаж байна.” гэв.

Сүхбаатар аймгийн УЗХ нь 2016 онд Улиастай хотын УЗН-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш өнөөг хүртэл хоёр орны бие биенээсээ харилцан туршлага судлах ажлууд удаа дараа хийгдэж байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр дүн өндөр байгааг Улиастай хотын УЗН-ийн дарга Цог Сайн онцолж байлаа. Мөн тэд аймгийн УЗХ-ны түүхт ойн баярт очиж оролцохоо илэрхийлсэн юм.
Т.Одончимэг
関連ニュース