Үерийн улмаас үүссэн хохирол, нөхцөл байдалтай онцгой комиссын гишүүд танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-20 15:49:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдлаа. Хурлаар 06 дугаар сарын 14-нд орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн гарз хохиролын нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Тус үерийн улмаас Баруун-Урт сумын 32 өрх, дөрвөөс таван байрны подваль усанд автаж, төвийн томоохон замуудын далан, явган хүний зам эвдэрчээ.

“Эвдэрсэн зам талбайг засварлах ажил гурав дахь хоногтоо үргэлжилж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Орон сууцнуудын подвальд байсан айл өрх, албан байгуллагуудад ихээхэн хохирол учирсан. Төвийн хоёр томоохон замын далан 205 метр газар үргэлжлэн эвдэрч нурсан. Мөн Баяндэлгэр, Онгон, Наран чиглэлд гардаг зам эвдэрч том хэмжээний эрэг үүссэн. Сумын ЗДТГ-т гамшгийн хор хохирлыг үнэлж тогтоох мэргэжлийн хүн учир дутагдалтай байгаагаас бид бодит үнэлгээ хийж чадахгүй байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн үнэлгээнээс харахад эдгээр ажлыг хийхэд эхний ээлжинд ойролцоогоор 41 сая төгрөг хэрэгтэй. Цаашид гэр хорооллын зам талбай болон гол замуудад ус зайлуулах хоолойг шинээр хийх, хуучин хоолойг томруулах шаардлагатай байна. Үүнээс гадна тухайн үер манай тариаланчид, ойжуулалтын компаниудад их сөргөөр нөлөөлсөн. Баруун-Урт сум хүнсний ногооныхоо 60-70 хувийг дотоодоосоо хангадаг байсан бол энэ жилийн хувьд хүндрэлтэй боллоо. Тарьсан төмс хүнсний ногоонууд их хэмжээгээр үерт урссан, тариалангийн талбай эвдэрч сүйтгэгдсэн. Хамгийн их хохиролыг Алтанцацал хоршоо амсаад байна. Одоогоор хохирлын хэмжээг 31 сая гэж үнэлсэн.” гэдгийг Баруун-Урт сумын засаг дарга М.Идэрбат танилцууллаа.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газрын, авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Түдэвдорж хэлэхдээ “Авто замын ажил гүйцэтгэж буй компаниудад тавих стандарт шаардлагыг чангатгах шаардлагатай. Замын үерийн далан, ус зайлуулах хоолойнууд үнэхээр стандартын шаардлага хангахгүй, богино настай байна.” гэдгийг хэлсэн юм.

Үерийн үед аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрууд хэрхэн ажилласан, үерийн дараа үүссэн нөхцөл байдал, яг одоо ямар байгаатай аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар танилцаад “Үерийн хохирлын талаарх мэргэжлийн дүгнэлтийг даруй гаргуул. Бид урьдчилсан байдлаар улсын онцгой комиссын ЕНБД-д энэ талаар танилцуулсан. Эхний ээлжинд зам талбайг засварлах болоод орох орон гэргүй болсон иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарч ажиллах болно.” гэв.
Т.Одончимэг
関連ニュース