"Шинэ аялгуу" студи үүдээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрын дэргэд "Шинэ аялгуу" дуу бичлэгийн студи ажиллаж эхэллээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн 10 орчим сая төгрөгийн ивээн тэтгэлэгтэйгээр тус студи үүдээ нээжээ. Энэхүү студи нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дуу бичлэгийн студийн хэмжээнд хоолой бичлэгийг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна.
"Баянхонгор аймаг студитай болно гэдэг нь орон нутагтаа оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Дуу бичлэгийн студи бол уран бүтээлчдийн даль жигүүр нь байдаг" хэмээн студийг санаачлагч М.Түмэнсайхан ярив.
Ийнхүү орон нутгийн уран бүтээлчид дуу бичлэгээ хийлгэх гэж Улаанбаатарыг зорьж цаг зав, хөрөнгө мөнгөө үрэх хэрэггүй боллоо хэмээн нээлтийн арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид сэтгэл өндөр байлаа.
Б.Мөнхзул