Орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр зочдод бэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-24 17:23:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018” баяр наадмын үеэр ирсэн зочид төлөөлөгчид бэлэглэх болон жуулчдад худалдаалах гарын бэлгүүдийг бүгдийг орон нутагтаа үйлдвэрлэжээ. Ингэснээр орон нутаг, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цаашлаад орон нутгаа сурталчлах бас нэг боломж бий болж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

“Алтан-Овооны хишиг” бэлгийн багцыг Сүхбаатар хөгжил ҮТП-д хийжээ. Тус багцад  дарьганга нэрмэл архи, шар тос, ааруул, орон нутгийн хөрсөнд ургасан хөмүүл, сорс, Түмэнцогт сумын зөгийн аж ахуйн хураасан зөгийн балны дээж багтжээ. Бэлгийн хайрцагийг мөн л орон нутгийнхаа “Тэлмүүн гүн” хайрцаг сав баглаа боодлын үйлдвэрт захиалгаар хийлгэсэн байна.

Гарын бэлгийн багц, хөшөө дурсгалын сувинер, зураг, наалт зэргийг орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид бэлтгэж, харин түүнийг нь баяр наадмын комисс худалдан авсан байна. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, нөгөө талаар орон нутгийнхаа бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, брэнд бүтээгдэхүүн бий болгох гээд олон талын давуу талтай. “Өмнө нь бид хэрэгтэй зүйлсээ Улаанбаатар хотруу захиалж хийлгүүлдэг байлаа. Харин энэ жилээс бүгдийг орон нутгаасаа авч байна. Энэ бол манай үйлдвэрлэл эрхлэгчдийн чадвар сайжирч, орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний төрөл олширсонтой холбоотой. Нөгөө талаар Сүхбаатар хөгжил ҮТП-ыг байгуулсан шаардлага, үр дүн эндээс харагдаж байгаа юм. Хүнсний үйлдвэрүүдээс гадна оёдлын үйлдвэр, хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрүүд бүгд ач холбогдлоо харуулж байна. Мөн төр, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааны нэг илрэл.” гэдгийг баяр наадмыг зохион байгуулах Ёслол хүндэтгэлийн комиссын дарга О.Даваасамбуу хэллээ.
Т.Одончимэг
関連ニュース