"Уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газрыг нөхөн сэргээх" үзүүлэх сургуулийг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-31 15:54:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт "Уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газрыг нөхөн сэргээх" сэдэвт үзүүлэх сургуулийг Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, "Алтай голд" ХХК-тай хамтран 07 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Үзүүлэх сургалтыг "Алтай голд" ХХК-ий нөхөн сэргээлтийн 2,3 га талбайд хийсэн бөгөөд одоо мод тарих үе биш учраас цөөн хэдэн модыг суулгаж, хэрхэн тарьж, ургуулах талаар үзүүлжээ.

Мөн Орхон багт үйл ажиллагаа явуулдаг "ДМНС" ХХК-ий техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талбайнуудтай танилцаж, ААН-үүд хоорондоо туршлага судалсан үр дүнтэй сургалт болсныг хамрагдсан хүмүүс хэлж байжээ.

Үзүүлэх сургуульд орон нутгийн иргэдийн төлөөлөл, төрийн байгууллагууд, ААН-ийн төлөөлөл хамрагдаж, Монгол-Германы их сургуулиудын багш, судлаачдын удирдлаган дор мод тарьж хээрийн сургалтыг явуулсан байна. Монгол-Германы их сургуулиудын багш, судлаачид сургалт хийхээс гадна Орхон багт хөрсний зүсэлт хийж, амьтан ургамлын судалгаа давхар хийжээ.
Б.Гэрэлт-Од

 
関連ニュース