Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-02 12:51:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг өнгөрөгч 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл зохион байгуулсаар байна. Өөрөөр хэлбэл, аймгийн төв орчимд амрагч, аялагчид олноор цуглардаг Хойд урд Тамирын гол, Сангийн толгойн гүүр, Цагаан давааны пост орчимд эргүүл хяналтын ажлыг зохион байгуулж нийт 855 иргэнд үер усны осол, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж, боршур 1580 ширхэгийг тарааж, заавар зөвлөгөө өгч байна.

Мөн хүмүүс ихээр усанд ордог болон гүнзгий эрэг цүнхээл устай газруудад анхааруулга самбар 24 ширхэгийг хийж, байрлуулан хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж байна.

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг орон нутгийн телезиз, Онцгой байдлын газрын facebook, сайтаар иргэдэд мэдээлж, 19 сумын Засаг дарга, тамгын газрын дарга, иргэд малчдад багц мессежээр хүргэж  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Үер усны ослоос болж хүний амь эрсдээгүй байна. Гэхдээ анхаарал болгоомжгүйгээсээ болж эд хөрөнгөөрөө  хохирох явдал гарч байна. Тухайлбал өчигдөр Өндөр-Улаан суманд Соната маркийн машин усанд орсныг ОБГ-ын албан хаагчид гаргахаар ажиллаж байна. Хүний амь эсрдээгүй байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース