“Алтан хэлхээ” чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРГурван үеийн “Алтан хэлхээ-2015” арга хэмжээг Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс аймгийн Ахмадын хороо, Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн төв, Хөгжлийн ертөнц ТВ10 телевиз, “Хүүхэд залуучуудын тойрон аялал, танин мэдэхүйн төв” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга оролцож, Ахмадын хорооны тэргүүлэгч Б.Дагва “Хүний хөгжил-Гэр бүл”, Баянхонгор трейд центр ХХК-ын захирал Т.Бат-Очир “Хүн байхын учир” сэдэвт лекц уншиж, гурван үеийн төлөөллөөс шилдэг 2 ахмад настан, 1 залуу, 2 сурагчийг шалгаруулан алдаршуулсан байна.
Мөн үеэр ахмад үеэсээ суралцуулах зорилгоор “16 нас” ток шоу зохион байгуулж зочноор Гавьяат багш, доктор Ш.Чимгээг урин оролцуулж, телевиз, тайзны сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Өдөрлөгт аймгийн төвийн таван сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчид болон МИМСҮТ-ийн 2-р курсийн оюутан залуус оролцсон байна. Тодруулбал, 300 гаруй сурагч, 20 гаруй ахмад, 30 гаруй залуус өдөрлөгт оролцжээ.
Б.Мөнхзул