60 гаруй ААН 600 гаруй ажлын байр нээлттэй зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-09-14 17:30:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг МҮХАҮ-ийн Их танхимд өнөөдөр боллоо. Энэ үеэр Монголын тэргүүлэх 60 гаруй ААН, байгууллага 600 гаруй нээлттэй ажлын байр танилцуулж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага ажил хайж буй залууст зөвлөгөө өглөө.
Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуус оролцсон бөгөөд ААН, байгууллагууд менежер болон түүнээс дээш түвшний ажлын байрыг зарлаж байв.


-MSDI Pro HR компанийн гүйцэтгэх захирал Н.Амаржаргал, “Үндэсний томоохон компанийн хүний нөөцийн менежерүүд ажил хайж буй залууст зөвлөгөө өгч ажилд авах эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байв. Гадаадад их дээд сургууль төгссөн залуус Монголын байгууллага, ААН, компаниудын талаар зөв мэдээлэлтэй болох нь өнөөдрийн үзэсгэлэн яармагийн нэг чухал хэсэг байлаа. Ажил хайгчид анкетыг гэртээ бөглөж, утсаар хүний нөөцийн менежертэй холбогодох гэх мэт алсын зайны харилцааны буруу хандлага ажиглагдаж байсан. Харин тухайн ажлын байрны талаарх мэдээллийг зааланд нээлттэй хэлэлцүүлгээр зохион байгуулж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч байгаа нь ажил хайгчдад зөв сонголт хийхэд чухал ач холбогдолтой" гэв.
Үзэсгэлэн яармагт ирсэн ААН, байгууллагууд гадаадад төгсөгчдөд том боломж олгосон.


-BSB service компанийн захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Бямбаа, “Манай компани гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.  Гадаадад их дээд сургууль төгссөн залуусыг эх орондоо ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс  үндсэн цалин дээр нь 20-60 хувийн  нэмэгдэл олгодог. Ингэхдээ төгссөн сургууль нь  дэлхийн  шилдэг 500 сургуульд багтдаг эсэх, голч дүнг харгалзан үздэг.  Хүний нөөц, гадаад худалдаа, маркетинг, борлуулалтын менежер, IT гэсэн ажлын байрыг нээлттэй зарлаж байна" гэв.    
Мөн Вагнер Ази тоног төхөөрөмжийн компани бизнес хөгжил хариуцсан менежер, төслийн менежер, хүнийн нөөцийн зохицуулагч, худалдааны төлөөлөгч гэсэн 10 гаруй ажлын байрыг нээлттэй зарлаж байв. Тус ажлын байранд 50 гаруй ажил хайгч бүртгүүлсэн байлаа.



 Ажил хайгч Б.Сумъяадорж, “Ажлын байр нэлээд зарлагдсан байна. Би БНХАУ-д байгаль орчны чиглэлээр магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ томоохон уул уурхайн хэд хэдэн компанид анкет бөглөлөө. Найз нарын зарим нь ажилтай болж байх шиг байна. Энэ мэт арга хэмжээг байнга зохион байгуулах нь залуусыг ажил хөдөлмөртэй болоход тус дэм болох болов уу" гэлээ. 
Үзэсгэлэн яармагийг НЗД-ын Хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ, Шинэ хөгжлийн түлхүүр /MSDI/ ТББ хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ААН, байгууллагад “Залуусын хөгжлийг дэмжигч” гэсэн батламж олгож, алдаршууллаа.
Мөн энэ сарын 28-нд Дүнжингарав салбар дээр ажлын туршлагагүй залууст болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар болсныг зохион байгуулагчид онцлов.
Б.Янжиндулам
 

Холбоотой мэдээ