Орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгосон асуудлаар залруулга хийхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-10 15:05:40

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болголоо" гэдэг мэдээлэлд тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол нар мэдээллийн үеэр энэ мэдээллээ залруулахыг АН-аас шаардсан юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр энэхүү мэдээллийг залруулж, ард иргэдэд бодит мэдээлэл өгч үг хэлэх гэсэн гишүүдийн эрхэнд УИХ-ын дарга халдаж микрофоныг нь хаасан тул хэвлэлийнхэнд хандаж буйгаа хэллээ.

Иргэн А.Базар зээлийн хүүний асуудлаар гомдол гаргаагүй, цэц энэ талаар шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Засгийн газар ба Монголбанк хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр. Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн асуудал юм.

Гэтэл цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь АН эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж МАН үзэж байна. Энэхүү зохион байгуулалттай гүтгэлгийг түгээсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шүүхэд өгч, өөрсдөөр нь залруулга гаргуулах болно гэж гишүүд мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ