168 суманд намын анхан шатны нэгж байгуулах боломжгүй болно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-11 17:02:22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулж буй Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн  Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, хуульч, судлаач Д.Үүрцайх нар өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийв.

Ерөнхийлөгчийн  Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр зангиагүй уулзалтыг нээж хэлэхдээ “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх нь цаашдаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, Үндсэн хуульт ардчиллын замыг илүү бэхжүүлж зөв тийш авч явахад чухал юм гэсэн талаас нь харж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг санаачилсан” гэлээ.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уг хуулийн төсөлд оруулсан гол 10 заалтаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбар хийв. Үүнд:

- Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө

- Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно

- Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно

- Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана

- Нам шилэн данстай болно

- Намын үйл ажиллагааг  явуулах доод босгыг тогтооно

- Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно

- Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна

- Намууд ТББ , фракцтай, одон медальтай  байхыг хориглох нь зүйтэй

- Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ гэсэн 10 багц асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөлд хэдийгээр 31 хүн хамтарч нам байгуулж болох тухай тусгасан ч 3001-ээс дээш гишүүнтэй болж байж сонгуульд оролцох эрхтэй болох юм байна. Хэрэв ингэвэл “Цүнхний нам “ гэгддэг дарга, тамга, туг гурваас өөр зүйлгүй нам сонгуульд оролцохгүй, мөн 3001-ээс доош хүн амтай 168 суманд аль нэг намын анхан шатны нэгж байгуулах боломжгүй болох аж.

Зөвлөх О.Чулуунбилэг энэ талаар хэлэхдээ “Намын гишүүнчлэлийг нарийн тусгавал намуудын гишүүдийн тоо бодитоор гарч ирнэ. Одоо МАН 220 мянга, АН 170 мянга ИЗНН 90 мянган гишүүнтэй гэдэг. Энэ хуулиар бол гишүүдийн тоо 40 хувиар буурна” гэв. Мөн хуульч, судлаач Д.Үүрцайх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ХБНГУ, Гана зэрэг орны туршлагыг үзэж судлан тусгасан гэдгээ хэллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ