“Самсунг Электроникс” давж заалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-12-15 11:11:40

ВАШИНГТОН. /Yonhap/. “Самсунг Электроникс” компанид оногдуулсан 548 сая долларын торгуулийг багасгахын тулд тус компани АНУ-ын Дээд шүүхэд хандлаа.

Удаан хугацаанд шүүхээр хэлэлцсэний дараа, “Apple” компанийн “iPhone” утасны загварыг “Самсунг Электроникс” хуулбарласан гэж үзэн хохирлыг нь барагдуулах шүүхийн шийдвэр гаргасан юм.

Энэ удаа давж заалдахдаа, торгуулийн мөнгөн дүнгээс 399 сая долларыг хасахыг “Самсунг” хүссэн байна.

“Халбага эсвэл хивсний загварт зохиогчийн эрх шаардлагатай байж болох ч ухаалаг утас өөр. Загвараас огт хамааралгүй, бусдаас онцгой болгох шинжүүд ухаалаг утсанд тоо томшгүй бий" гэж “Самсунг” мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлэв.

“Apple” компанийн зохиогчийн эрхийг “Самсунг” компани зөрчсөн тул 1 тэрбум 500 сая долларыг “Apple”-д төлөх шүүхийн шийдвэр 2012 онд гарсан юм. Гэвч мөнгөн дүнг 930 сая доллар болгон бууруулж, улмаар энэ оны 5 дугаар сард 548 сая доллар болгосон билээ.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ