Владимир Путины хэвлэлийн их чуулганд 1392 сэтгүүлч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-12-17 10:28:25

Өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины   жил бүрийн хэвлэлийн их чуулган  Москва хотын Олон улсын худалдааны төвд москвагийн цагаар 12.00  эхэлнэ.

Хэвлэлийн  бага хуралд оролцохоор гадаад , дотоодын 1392 сэтгүүлч эрх аваад байна.  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины XI дэх удаагийн хэвлэлийн бага хуралд оролцож байгаа сэтгүүлч бүр  асуулт тавихыг хүсч байгаа. 1392 сэтгүүлч ажиллана гэдэг  бол өмнөх жилүүдтэй харьцуулбал дээд амжилт эвдсэн тоо. Анх 2001 онд Владимир Путины хэвлэлийн их чуулганд 500, дараа нь 700 гаруй  сэтгүүлч оролцож байсан бол  өнгөрсөн жил 1259 сэтгүүлч оролцсон юм.
Түүнээс гадна Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зарим сэтгүүлчдэд Владимир Путины хэвлэлийн их чуулганд эрх олгохоос татгалзсан тухай мэдэгджээ. Тэрээр чухам ямар ХМХ-үүд болохыг нэрлэхээс татгалзсан юм. Түүний үзэж буйгаар,  энэ тухай олон нийтэд мэдээлэх  нь тохиромжгүй гэнэ.  Гэхдээ ноён Песков хэвлэлийн бага хурал дээр бүх хэвлэлийн төлөөлөл орсон гэж мэдэгдсэн. 

Энэ жил ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн хэвлэлийн их чуулганд уламжлал ёсоор гадаад, дотоодын болон Орос улсын бүс нутгуудын сэтгүүлчид оролцож асуулт тавина. Энд   утсаар асуулт тавих боломж байдаггүй. Ерөнхийлөгч Путинд  ард түмнээс  утсаар буюу шууд эфирээр  тавьдаг асуулт тавьж,  хариулт авдаг  хэвлэлийн бага хурал жил бүрийн хавар болдог юм.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины жил бүрийн хэвлэлийн их чуулганы түүхэнд  хамгийн урт  хуралдаан  2008 онд болсон бөгөөд тэр үед 4 цаг 40 минут үргэлжилсэн.   Өнгөрсөн оны хэвлэлийн бага хурал  3 цаг 10 минут үргэлжилсэн төдийгүй Владимир Путин   38 сэтгүүлчийн /дотоодын 30, гадаадын 8/  тавьсан  53 асуултад хариулсан юм.

Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн их чуулганыг Оросын  “Россия 1”, “Россия-24” телевизийн сувгууд  шууд дамжуулахаас гадна “Комсомольская правда” радиогоор шууд цацагдах аж.

 Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ