Суурингууд барихаа зогсоохыг Израилд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-15 11:39:48

БРЮССЕЛЬ, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Израилын эрх баригчид Е1 сууринг барих төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь олон улсын эрхзүйн зарчмыг зөрчиж байна гэж Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгдлээ. Энэ тухай Европын гадаад харилцааны алба /ЕЕАS/ мэдээлжээ.


Сууринг барьсан тохиолдолд эзлэгдсэн Дорнод Иерусалим ба Иордан голын Баруун эргийн хоорондох газар зүй, нутаг дэвсгэрийн холбоосыг үгүй хийж, Баруун эргийн хойд ба өмнөд хэсгүүдийн хоорондох холбоог тасалдуулна гэж К.Каллас анхааруулаад суурин барих ажлаа зогсоохыг Израилд уриаллаа.  


Израилын талын нэг талыг барьсан шийдвэр нь тэртэй тэргүй хурцадмал байгаа нөхцөл байдлыг улам даамжруулж, энх тайванд хүрэх боломжийг үгүй хийнэ гэж EEAS-ийн мэдэгдэлд дурджээ.


Үүний сацуу Баруун эрэгт суурин барих гэсэн Израилын төлөвлөгөөг Германы засгийн газар шүүмжилсэн байна. “Суурингууд барьж байгаа нь олон улсын эрхзүй ба НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, хоёр талын гэрээ байгуулах, Баруун эргийг Израилын тал эзлэн түрэмгийлснийг зогсоох тухай Олон улсын Эрүүгийн шүүхийн шаардлагыг хэрэгжүүлэхэд саад учруулж байна” гэж Германы ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ.


Суурин барих ажил эхэлсэн тухай Израилын Сангийн сайд, “Шашны сионизм” гэдэг хэт барууны намын дарга Бецалел Смотрич мэдэгдсэн юм. Энэ ажлын хүрээнд Иерусалимаас зүүн зүгт 7 км-ийн зайд орших Маале-Адумимын ойролцоо 3401 орон сууц, зэргэлдээх дүүрэгт E1 төслийн хүрээнд 3515 орон сууц барих ажээ.  


1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилын тал Иордан голын Баруун эрэг, Дорнод Иерусалим, Газын зурвасыг эзлэн авсан билээ. Олон улсын эрхзүйн үүднээс, Палестины эдгээр газар нутагт еврейн суурингууд байгуулах нь хууль бус явдал юм. Дэлхийн олон нийт эсэргүүцсээр байгаа боловч Израилын тал сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Баруун эрэгт /500 мянга орчим еврейчүүд, 3 сая палестинчууд амьдардаг/ хэдэн арван суурингууд барьжээ.

 

Холбоотой мэдээ