“Лалын улс” нефтийн худалдаанаас 500 сая доллар олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-18 12:02:10

НҮБ. /RIA Novosti/. “Лалын улс” бүлэглэлийн террористууд хууль бус нефтийн худалдаанаас 500 сая доллар олсон гэж АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хурлын үеэр мэдэгджээ.

“Одоогийн байдлаар “Лалын улс” нефтийн хар захаас 500 орчим сая доллар, мөн хүмүүсийг харгис хэрцийгээр дарамтлах замаар нэмээд олон сая доллар олсон” гэж тэрбээр хэлсэн байна.

Гэхдээ түүний хэлснээр, террористууд санхүүгийн хувьд эмзэг байгаа аж. "АНУ-ын тус бүлэглэлтэй тэмцэх арга бол эмзэг газарт нь довтлох юм".

“Лалын улс” орлогынхоо багахан хэсгийг гадаадын хандивлагчдаас олж байгаа бөгөөд харин эсрэгээрээ хяналтаа тогтоосон байгалийн баялаг бүхий газар нутагт явуулж буй эдийн засгийн үйл ажиллагаанаас мөнгө олж байна” гэж Лью хэлжээ.

Террористуудын санхүүгийн эх үүсвэрүүдтэй тэмцэхийг, тухайлбал, дансыг нь хаах, зорчих болон тээвэрлэхийг нь хориглох, холбогдох хүмүүс болон байгууллагуудад шууд эсвэл шууд бусаар зэвсэг нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, АЗ-ийн хоригийн жагсаалтад оруулах зэргээр тэмцэхийг дэлхийн бүх улсад үүрэг болгосон тогтоолыг НҮБ-ын АЗ пүрэв гарагт баталсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ