Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх “Ланд Крузер-300” авто машин гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-25 10:17:57

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын төр, нийгэм, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн “Өндөр гэгээн даншиг наадам”-ыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Есөнзүйл суманд зохион байгуулна.


Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд Монголын төр, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их эзэн Чингис хааны шууд алтан ургийн Анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын оруулсан гавьяаг алдаршуулах, Занабазар судлалыг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус наадмын хүрээнд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаан болно.


Энэхүү барилдаанд одоогийн байдлаар улсын аварга О.Хангай, арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, харцага Н.Золбоо, О.Наранбаатар тэргүүтэй 460 орчим бөх зодоглохоор бүртгүүлжээ. Бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын бөхийн бай шагналыг улсын аварга Д.Сумъяабазар ивээн тэтгэж байгаа бөгөөд нийт шагналын сан 500 сая төгрөг аж. Харин түрүүлсэн бөх “Тоёота Ланд Крузер-300” маркийн автомашин хөлөглөх юм.


Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадам өнөөдөр шашин, соёлын үйл ажиллагаа, сонгомол дээд, дунд, бага насны хурдан морины уралдаанаар эхэлж байна.

Холбоотой мэдээ