Оросын ерөнхийлөгч төрийн түшээ нарт дотооддоо эмчлүүлэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭОрос улсын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын өндөр албан тушаалтнуудыг өөрийн орны эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжихийг хүслээ.
Тэрээр Бүх-Оросын ардын фронтын “Анагаах ухаан, эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө тавьж буй тулгамдсан асуудлууд” сэдэвт чуулган дээр хэлсэн үгэндээ эл асуудлыг зориуд хөнджээ. Төрийн тэргүүн гадаадын эмнэлгүүдэд эмчилгээнд явах түшээ нарын асуудлыг гадаадын банкуудад хадгаламжтай болон гадаадад хүүхдүүдээ суралцуулахтай адилтган үзэж буйгаа онцлон тэмдэглжээ. /Эдгээр нь сүүлийн жил тус улсын эсрэг өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй Оросын өрнөдийн болон АНУ –ын эсрэг авсан хоригтой холбоотой юм./
Парламентын депутатууд, амбан захирагчид гээд түшээ нар гадаадын орнуудад байнга эмчилгээ хийлгэдэг тухай “Известия” сонин өнөөдрийн дугаартаа дурджээ. “Төрийн түшээ нар гадаадын ямар орны, ямар клиникт эмчлүүлэх вэ гэж толгой өвддөггүй” гэж бичжээ. Яагаад гэвэл, гадаадын эмнэлгүүд тэдэнд тусгай элит карт ирүүлдэг гэнэ. Жишээ нь, Чувашийн Төрийн зөвлөлийн депутатууд гадаадын эмнэлгүүдээс VIP урилгыг хүлээж авчээ. Тэгвэл түшээ нар Герман, Израиль, Хятад , Чех болон Финляндын эмнэлгүүдийг сонгосон нь олонтой. Төрийн түшээ нар харийн эмнэлгүүдэд эрүүл мэндээ засахаар асар их мөнгө зарцуулдаг бөгөөд заримдаа энэ нь татвар төлөгчдийн мөнгө байдаг нь нууц биш аж.
Москва хот. А.Огторгуймаа
Сэтгэгдлүүд