Сургуулийн өмнөх боловсролд стандарт үйлчилгээ хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 13:40:35

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хүмүүжиж буй нөхцөл байдал, хүнсний хэрэглээ хөгжилтэй орнуудын стандарт шаардлагаас харьцангуй өөр байгааг Дорноговь аймгийн Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, БНСУ-ын сайн дурын ажилтан Ким хэллээ.

Учир нь Дорноговь аймагт эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны зэрэг олон салбарт ажилладаг гадаадын сайн дурын ажилтнууд болон монгол багш, эмч мэргэжилтнүүд Сайншанд сумын ЗДТГ-ын Иргэний танхимд цугларч уулзахдаа энэ талаар ярилцсан байна. Цэцэрлэгийн  насны хүүхдүүдэд дасгал хөдөлгөөн хийх орчин байхгүй, хоол хүнсэндээ чихэрлэг зүйлс их хэрэглэдэг, мөн мах, давсны хэрэглээ их, шингэн зүйл хангалттай ууж чаддаггүй зэрэг нь тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх магадлал байгаа аж. Мөн монгол хүүхдүүдийн дунд ханиад томуу, нүдний өвчлөл их байгааг анхаарах хэрэгтэй гэжээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд цэцэрлэг бүрт эмийн сан байдаг төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн бие засах газар  нь өөр өөр байдаг  бол монголд эсрэгээр байна. Тэр бүү хэл гамшиг ослын үед аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээл заадаг аж. Тиймээс цэцэрлэгийн үйлчилгээ, хүүхдүүдийн эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ирэх онд мэргэжлийн хүнийг урьж  тодорхой сургалт семинар зохион байгуулахаар болов.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ