20 мянган тонн үрийн улаанбуудайг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-25 11:20:10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхлэв.

Энэ жил байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд 75.6 мянган га үр тарианы талбайн ургацыг алдаж, үр тарианы болц дутуу байснаас 32.8 мянган га талбайн ургац малын тэжээлд шилжиж, нийт 108.4 мянган га талбайн ургац хураагдаагүй нь хураан авах хүнсний улаанбуудайн ургацын хэмжээг бууруулахад сөргөөр нөлөөлсөн юм. Иймд дараа оны тариалалтад 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хуулийн төслүүдэд тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Дэлхийн зах дээл дээр гурилын үнэ 500 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл өнөөдөр манайд кг гурил дунджаар 1000 төгрөг байна. Ганц нэг хүмүүсийг бодоод гурилын үнээ бариад байх юм уу. Цагаан сараар гурилын үнэ ямар байх вэ” гэсэн асуудлыг тодруулахад салбарын сайд Р.Бурмаа үрийн улаанбуудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд татвараас чөлөөлөхөөр Засгийн газраас шийдвэрлэсэн тул уг асуудлыг оруулж ирсэн болохыг хэллээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд, “Р.Бурмаа сайд жижиглэнгийн үнэ хариуцдаггүй байх аа” гэсэн нэмэлт тайлбар хийсэн юм.

ХААЯ-ын газрын дарга Ц.Болорчулуун, “Үрийн буудай оруулж ирэх асуудлыг яам нээлттэй зарлана. Гол нь монгол оронд тохирсон үр оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Өмнө нь Буриадаас үрийн буудай авч ирсэн. Энэ жил Буриадын тал ургацынхаа нэлээд хувийг алдсан тул үрийн буудай авах боломжгүй гэсэн мэдээлэл байгаа. Иймээс хаанаас авахаа судалж байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Шийдвэр гарах нь ойлгомжтой байгаа тул сайн ажиллаарай. Улаанбуудайн үрийн нөөц маш чухал. Судалгаа хийх хугацаа өнгөрсөн шүү. Үрийн буудай цаг тутамд үнэ нь өсч байна. Яам асуудлаа оруулж ирж байгаа учир үрийн чанар, ямар газар оруулж ирэх зэрэгт хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Мөн үрийн хэрэгцээтэй аж ахуй нэгжүүдийн судалгаа гаргах хэрэгтэй” гэв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 84 хувийн саналаар "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ