Хуульчдын тухай хуудуугүй бичдэг сэтгүүлийн шинэ дугаар гарчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-25 16:23:13

Хуульчдын тухай бичлэгтэй  сэтгүүлийн шинэ дугаарт гавьяат хуульч Ц.Сарантуяа зочноор уригдан сонирхолтой ярилцлага хийсэн байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж асан тэрбээр “зөвийг олж тогтоодог, бусдад зөвийг ойлгуулдаг байх нь хуульчийн үүрэг бөгөөд бахархал” хэмээн хэлжээ. Мөн төрийн алба бүхэлдээ “чанарлаг” байж гэмээ  нь төрийн дархлаа сайжрах тухай өгүүлээд “Муу хуультай төр оршин тогтнох боломжтой, харин муу албаттай төр оршин тогтнох боломжгүй” хэмээн Отто фон Бисмаркийн хэлснийг онцолж, төр улсаа зөв хамгаалах чин хүсэл зориг шийдвэр гаргагчдад  байх явдал хамгаас илүү чухлыг сануулсан байна. Ахмад сэтгүүлч Ч.Энхдалайн  “Цаг зуурын шүүхийн анхны дарга Х.Чойбалсан”-гийн тухай өгүүлэл уншигчдын сонирхлыг татна. 1924 онд анхдугаар Үндсэн хуулийг баталснаар орчин үеийн жинхэнэ шүүх байгууллага үүсэх нөхцөл бүрджээ. Түүнчлэн МАХН-ын гуравдугаар  их хурал, Улсын хоёрдугаар их хурлуудаар иргэдийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, шинэ нийгмийн сахилга батыг тогтоох, хүмүүжүүлэн сургах, хуучны шүүхийн тогтолцоог халах зорилгоор ардын шүүхүүдийг байгуулах явдлыг Засгийн газар, Шүүх явдлын яаманд даалгасан ёсоор бий болсон шинэ шүүхийн байгууллагуудын анхдагч нь Х.Чойбалсангаар толгойлуулсан Цаг зуурын / Түр цагийн  шүүх ч гэдэг/ шүүх байв. Ардын Засгийн газрын 1925 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар хурлын тогтоолоор Засгийн газрын харьяанд Цаг зуурын ардын шүүхийг бие даалган байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг томилсон байна.

Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай яриа хүчтэй яригдаж байгаа энэ үед тус хуулийн “эх баригч” хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимидийн эдүгээгээс 13 жилийн өмнө сэтгүүлчид өгсөн ярилцлага бас уншмаар ажээ. "Хуульч news" энэ удаагийн  “Нэрийн хуудас”-аараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хуульч М.Батзоригтой хөөрөлджээ. Мөн Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй хууль зүйн товчоо, нөхөрлөлүүдийн лавлагааг нийтэлсэн нь хүмүүст хэрэгцээтэй мэдээлэл. “Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр худалдаж байна. Мөн сэтгүүлийн шинэ оны захиалга ч эхэлснийг дуулгалтай.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ