Улаан загалмайн Нийгэмлэгийн эрх зүйн орчныг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийв.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн өнгөрөгч 8 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
МУЗН нь 110 гаруй мянган гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 гаруй анхан шатны хороо, 33 дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болсон байна.
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг 2000 онд баталсан. Гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага үүссэн аж.
Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалт явуулж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул