МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийг Ц.Мөнхтөр удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-28 12:09:42

МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томиллоо. 

Энэ оны дөрөвдүгээр сараас МҮОНТ хоёр сувагтай болж өргөжсөн. Тодруулбал, үндэсний агуулга, нэвтрүүлгээр дагнах Үндэсний ТВ-1 суваг, MNB.MN сайт, ММ агентлаг, радиогийн "Хурд" агентлагийг нэгтгэн "Монголын мэдээ" суваг буюу Үндэсний ТВ-2 суваг болгох шийдвэрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжсэн. Ингэснээр бүтэц, зохион байгуулалтын ажлаа хийж, бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн билээ.  

Сэтгүүлч Ц.Мөнхтөр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1989 онд ОХУ-ын Дон дахь Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуульд Телевизийн мэдээллийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан.

1989 оноос Монгол телевизд сурвалжлагч, редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, 1995-96 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 1996-98 онд Радио, Телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1998-2000, 2004-2006 онд МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал, 2006-2012 ММ агентлагийн ерөнхий редактороор ажиллаж байв.

2012-2013 онд Мэдээ, мэдээллийн MNC телевизийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажилласан. 2013-14 онд Монгол улсын ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга, 2014 оноос Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан.

Холбоотой мэдээ