МАН-ын бүлэг Засгийн газарт илгээж буй “бэлэг”-ээ задлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-30 15:47:38

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр Засгийн газарт илгээж буй шинэ жилийн “бэлэг”-ээ задаллаа.

Тус бүлгийнхэн С.Бямбацогт даргын өрөөний үүдэнд гацуур мод засч, Засгийн газрын гишүүдийн зургаар чимсэн байв. Харин гацуурынхаа доор сайд нарт хаягласан гоёмсог бэлгүүд тавьжээ. 

Уг бэлгийн талаар бүлгийн дарга  С.Бямбацогт “УИХ дахь МАН-ын бүлгээс өмнө нь мэдээлэл хийхдээ Засгийн газарт бэлэг барина гэж хэлсэн. Энэ дагуу манай бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд бэлэг бэлдсэн байгаа. 

Энэ бэлэг бол Монголын ард түмэн Засгийн газар, эрх баригчдаас хүсч буй хүсэлт түүний илэрхийлэл юм. Үүнийг МАН-ын бүлэг өгч байгаа бус Монголын ард түмний хүсэл, хүлээлтийг бид нэгтгэж ард түмнийхээ нэрийн өмнөөс эрх баригчдад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэлт, хүлээлтийг Засгийн газарт бэлэглэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт, “Та ажилтай орлоготой Монгол хүн гэж их зарласан. Ажилтай орлоготой бүхэн ажилгүй болж сэтгэлээр унаж байна. Та эрүүл чийрэг Монгол хүн гэж их ярьсан. Эрүүл мэндийн салбар дампуурч, хүмүүс айж байна. 

Та эрдэм боловсролтой Монгол хүн гэж сурталчилсан. Эрдэмтэн мэргэд бүхэн гадуурхагдаж, төсвөө хасуулж байна. Та аюулгүй орчинтой Монгол хүн их сэрэмжлүүлсэн. Хулгай дээрэм газар авч, хүн бүхэн айдаст автаж байна. 

Та эрх чөлөөтэй Монгол хүн гэж их рекламдсан. Эрх чөлөө хумигдаж, ардчилал алдарч, ард түмэн бухимдаж байна. Таны ярьсан бүхнийг ард түмэн дэмжсэн. Танд хэлэх зөвлөгөө байна. Хэлсэн бүхнээ эсрэгээс нь хэрэгжүүлдгээ зогсоо. Ард түмнээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүл. Эс тэгвээс ирэх жил хариуцлага тооцох болно шүү гэсэн бэлгийг бид энд хийсэн байгаа. 

Энэ бэлгээ би Ерөнхий сайдад өөрөө гардуулж өгнө. Мөн Засгийн газрын бүх гишүүдэд бэлгийг нь гардуулж өгнө" гэлээ.

Б.Туул 

 

Холбоотой мэдээ