JCI Капитал салбар байгууллагынхан цусаа хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДСар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг JCI Капитал салбар байгууллага тэмдэглэн өнгөрүүлж, цусаа хандивлав.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, JCI Монгол ТТБ-ын үндэсний ерөнхийлөгч Б.Нарантуяа, JCI Капитал салбар байгууллагын ерөнхийлөгч С.Сосорбарам нар оролцов.
JCI Капитал салбар байгууллага нь 2009 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр 2016 онд байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү өдрийн онцлог нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг ачтан доноруудаа олон нийтэд сурталчлах, урамшуулах зорилгоор “Донорын баяр”-ын өдөр болгож жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон явдал юм. ЦССҮТ-өөс санаачлан нийт 70 ба түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудыг “Хүрэл донор”, 100 түүнээс дээш өгөлттэй доноруудыг “Мөнгөн донор”, 150 түүнээс дээш өгөлттэй донорыг “Алтан донор”-оор тус тус өргөмжлөв. Нийт 176 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Бум-Эрдэнийг анхны “Алтан донор”-оор өргөмжилсөн юм.
Ж.Болор