Канадын элчин сайд сарлагийн баярыг үзэж сонирхлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:46:30

 Жил бүр уламжлал болгон явуулдаг сарлагийн баярыг Бат-өлзий сумын нутаг “Өндөр хясаат” хэмээх газар зохион байгууллаа.

11 дэх жилдээ болж буй уг арга хэмжээг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Бат-Өлзий сумын захиргаа, Дэлхийн өв- Орхон голын нүүдэлчин аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулсан ба сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох, сарлагын шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах зэрэг тэмцээнийг явуулж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүн, цагаан идээгээр үзэсгэлэн гаргажээ.

Сарлагийн баярыг орон нутгийн иргэд, бусад хот, аймгаас ирсэн амрагчид, 100 гаруй гадаадын жуулчин ирж үзсэний дотор Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эйлко Жэйгэр хүрэлцэн ирж сонирхсон нь онцлог байв.

Энэхүү арга хэмжээг сарлагийг сурталчлах, өсгөх, түүнээс гарч буй ашиг шимийг сайжруулах, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татах зорилгоор зохион байгуулдаг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд