“Өвөрхангай-Түншлэл” намрын баяр удахгүй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:49:24

 Орон нутгийн бизнэс эрхлэгчдийг дэмжсэн томоохон арга хэмжээ болох “Өвөрхангай түншлэл 2015” үзэсгэлэн, худалдаа энэ сарын 24-26 өдрүүдэд болно.

Эх орны үйлдвэрийн чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Арвайхээр хотын ЗДТГ зэрэг байгууллагуудаас 15 дахь жилдээ зохион байгуулах юм.

Энэ үеэр Өвөрхангайн төдийгүй бусад аймаг, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс шинэ ургацын хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, шилмэл малын худалдаа, гэрийн мод, модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс, барилгын материал зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд бэлэг барих ба “Алтан намар” ургацын баяр, шилмэл малын үзэсгэлэнг зохион байгуулж, “Гүүтэй айлын гүзээтэй хүү” айраг уух, хуруудах, дэмбээдэх зэрэг олон төрлийн уралдааныг явуулдаг.

Мөн тухайн оны шилдэг бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 10 гаруй номинациар шалгаруулан шагнадаг уламжлалтай билээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд