Эрдэс баялгийн бүхий л төрлийн шинжилгээг дотооддоо хийх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-18 13:25:17

Монгол Улсын “Геологийн төв лаборатори” АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагын ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043  гурвалсан стандартын “Платинум” түвшин итгэмжлэгдэн, бүхий л төрлийн эрдэс баялгийн шинжилгээ хийх боломжтой болсон талаар тус лабораторийн захирал Н.Тэгшбаяр мэдээллээ.

Тус лаборатори нь 2005 онд “Сорилтын болон калибровкийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага” буюу ISO/IEC 17025 стандарт, 2012 онд ISO Guide 34 стандартыг нэвтрүүлсэн. Харин өнгөрсөн оны 11 сарын 24-нд ISO/IEC 17043 буюу “Тохирлын үнэлгээ - Ур чадварын сорилтонд тавих шаардлага”-ыг нэвтрүүлснээр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагын “Платинум” түвшинд итгэмжлэгджээ. АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага 800 гаруй гишүүнтэй бөгөөд үүнээс 5 лаборатори л “Платинум” түвшинд итгэмжлэгджээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын компаниуд өөрсдийн илрүүлсэн дээжээ гадаад өндөр үнэтэйгээр шинжлүүлдэг байна. Ингэснээр ихээхэн хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг аж. “Платинум” түвшинд итгэмжлэгдсэн “Геологийн төв лаборатори” дотооддоо бүхий л төрлийн эрдэс баялгийн шинжилгээ хийх боломжтой болсон тул аж ахуйн нэгжүүдийг цаг, хөрөнгөө хэмнэж тус лабораторид дээжээ шинжлүүлж байхыг уриалж байна хэмээн Н.Тэгшбаяр захирал хэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ