Э.Бат-Үүл:Нийслэл гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагын найдвартай түнш болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-20 12:33:55

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Уг чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тухайн онд нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалт, түүнд хувийн хэвшил оролцох боломжийн талаар хэлэлцдэг байна. Өнгөрсөн онд уг чуулга уулзалтыг 4 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд тухайн үед бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байсан тул төдийлөн үр дүнтэй болж чадаагүй аж. Харин энэ онд бүтээн байгуулалт, худалдан авалт эхэлхээс өмнө зохион байгуулж байгаа нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл чуулганы нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Төр хувийн хэвшлийн харилцаа тэгш бус байна. Хувийн хэвшил төрийн захиалгаар бүтээн байгуулалтаа хийгээд, хөрөнгөө буцааж авах гэхээр төр өгч чаддаггүй. Үүний нөлөөнөөс болоод хувийн хэвшил банканд асар их өрөнд ордог. Гэтэл хувийн хэвшлийнхэн төрөөс мөнгөө нэхэмжлээд шүүхэд хандаж чаддаггүй. Шалтгааныг нь асуухаар “Дахиад бидэнд ажил өгөхөө болчихно” гэж хариулдаг. Энэ бүх асуудлыг зохицуулах үүднээс нийслэл тодорхой алхамууд хийж эхэлсэн. Тухайлбал, хувийн хэвшлийн гүйцэтгэсэн ажлын хөрөнгийг тодорхой хугацаанд өгч чадахгүйд хүрвэл банкны өр, алданги, хүүг нь нийслэл хариуцах юм. Ингэснээр төр, хувийн хэвшлийн харилцаа тэгш болно. Та бүхэн шууд шүүхэд хандаад хохирлоо барагдуулах хэрэгтэй. Зоригтой байж өөрсдийнхөө тэгш эрхийг хамгаалах ёстой” хэмээв.

Улаанбаатар хоттой хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгааг Хотын дарга хэллээ. Улаанбаатар хотод 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Энэ бол гэр хорооллын газар юм. Гэр хорооллын иргэдийн газраа барьцаалж, эдийн засгийн харилцаанд орох боломжийг нээвэл 2040 он хүртэл Монголын эдийн засаг байнга өсөлттэй байна. Гэтэл үүнийг зөв зохицуулж чадаагүйн улмаас гэр хорооллын 86 хувь нь ядууралд нэрвэгдэж байна.  Газар хэмээх үнэт зүйлсийг гадаадын хөрөнгө оруулагчид олж харсан учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын банкууд манайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Учир нь бид тэр хөрөнгийг нь буцаан төлөх маш том боломжтой улс. Бид энэ бүх боломжоо ашиглах хэрэгтэй гэлээ.

Нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдээс 2016 онд нийт 847 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 530 бүтээн байгуулалт хийх санал ирүүлжээ. Уг саналуудыг судалж үзээд энэ онд  426.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх боломжтой хэмээн үзсэн байна. Уг бүтээн байгуулалтын 84 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 120 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас, 18.9 тэрбум төгрөгийн Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах бол үлдсэн 203.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Батаа хэллээ..

Тэрбээр, “Энэ оны бүтээн байгуулалтуудаа иргэдийнхээ эрүүл,аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор автозам, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах чиглэлд түлхүү чиглүүлнэ.

Олон улсын санхүүгийн байгууллагууд нийслэлийн хөгжилд маш том итгэл хүлээлгэж байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банк Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 280 сая ам.долларын төсөл болон нийтийн тээврийн шинэчлэлийн төсөлд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Европын хөрөнгө оруулалтын банк Засгийн газраас баталгаа шаардалгүйгээр Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх болсон. Одоогоор Эмээлт, Аргалантад байгуулах Аж үйлдвэрийн шинэ паркын 30 мянга шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг байгуулах гэрээнд гарын үсэг зурахаар ярилцаж байна. Цаашдаа хог дахин боловсруулах төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо мэдэгдсэн. Энэ бол нийслэл олон улсын болон дотоодын хувийн хэвшлийн байгууллагын найдвартай түнш болсны баталгаа юм” хэмээв.

Дэлхийн хотууд байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ажил олгох, тэднийг дэмжих чиглэлд гол анхаарлаа хандуулах болсон. Үүнийг дэлхий нийтээр “Ногоон худалдан авалт”, “Ногоон эдийн засаг” хэмээн нэрийдэх болсон. 2013 онд УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалд нийслэл төр худалдан авалтынхаа 30 хүртэлх хувийг ногоон худалдан авалтад шилжүүлэх зорилт тавьсан. Тиймээс нийлслэлээс зарлан хэрэгжүүлэх аливаа бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүд байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж нэвтрүүлсэн байх нь тендерт шалгарах томоохон боломж гэдгийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцлов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ