Аймгийн сайн малчдаа шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМал сүрэг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч аймгийн түүхэнд анх удаагаа 3,0 сая толгой малтай болсон явдлыг харгалзан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар түрүү жилийнхээс гурав дахин олон Сайн малчин шалгаруулжээ.
Үүнд Уулбаян суманд 6, Сүхбаатар, Баяндэлгэр, Баруун-Уртад 5, Асгат, Халзан Эрдэнэцагаанд 4, Наран, Мөнххаан, Түвшинширээд 3, Онгон, Түмэнцогтод 2, Дарьгангад 1 гээд 47 малчин аймгийн Сайн малчны болзол хангасан байна.
Эдгээр малчдыг сүүлийн гурван жилд мал сүргээ тогтвортой өсгөсөн, ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, өөрсдийн хүчээр хадлан гар тэжээл бэлтгэдэг, жил бүр мал аж ахуйн татварын орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төлж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулдаг зэрэг 20 шахам үзүүлэлтээр дүгнэжээ.
Аймгийн сайн малчны тэмдэг, таван хошуу малын мөнгөн дүрстэй алтадсан цар, өргөмжлөлийг сар шинийн өмнөхөн аймгийн удирдлага гардуулах ажээ.
Г.Сүхээ