“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих Санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-21 09:14:32

Барилгын салбарын хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэх  зорилгоор НЗДТГ, "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци", “Баярс констракшн” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх, орон сууцны цахим мэдээллийн сан байгуулах, шинээр байгуулж буй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

Санамж бичигт  Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх Захирал Б.Нэмэхбаатар, “Баярс констракшн” ХХК-ийн захирал Н.Баянсайхан нар гарын үсэг зурав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ