Ш. Оюун: Шатахууны эх үүсвэргүйгээс оторчдоо эргэж чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 09:10:39

Дундговь аймгийн төвөөс 40 гаруй км- т оршдог Луус сумын хувьд өвөлжилт мөн хүндэрсэн байна. Өвөлжилтийн талаар сумын Засаг дарга Ш. Оюунаас тодруулга авлаа.

-Луус сумын хувьд өвөлжилт ямар байна вэ?
-Өвөлжилт хүндэрсэн. Сумын нийт нутгаар цасны зузаан 10- 20 см байна. Ялангуяа сумын хойд хэсгээр зузаан цастай. Мал бэлчээрт гарахгүй, тэжээлд орсон. Буянт, Суварга багт мал эхнээсээ муудаж байгаа талаар малчид мэдээлэл өгч байна.
-Танай сумын хэр олон малчин оторт явна. Өөр сумаас оторчидтой юу?
-Манай сум 354 малчин өрхтэй. Үүнээс 39 малчин өрхийн 16 мянга гаруй мал өөрийн аймгийн 8 суманд оторлож яваа. Хулд, Өлзийт, Эрдэнэдалай суманд голдуу, Адаацаг, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын нутагт цөөн бүрий малчин өвөлжиж байна.

Адаацаг,Сайнцагаан, Баянжаргалан, Гурвансайхан сумаас 14 мянга гаруй малчин манай сумын нутагт отроор ирсэн.

-Отрын малчдаа эргэсэн үү?
-Шатахуун хомсдолтой байгаагаас одоо хэр нь оторчдоо эргээгүй Гэхдээ утсаар байнга холбогдож, мэдээлэл солилцож байгаа. Цагаан сарын өмнө оторчдоо эргэхийг хичээж байна.

ЗДТГ-т төрийн үйлчилгээ хүргэхэд зориулж 220 гаруй мянган төгрөгийн шатахууны төсөв байдаг ч он гарснаас хойш төсөв санхүүгийн гүйлгээ хийгдээгүй байна. Манай суманд одоогоор шатахуун түгээх ганц станц бий.Шатахуунаа төрийн байгууллагуудад зээлээр огт өгдөггүй учраас цаг хүндэрсэн, чухал шаардлагатай үед энэ нь бэрхшээл болж байна.

Тиймээс Петровисын шатахуун түгээх станцаас өөр шатахууны эх үүсвэргүй сумдад төрийн үйлчилгээнд нь зориулж шатахууныг заавал бэлэн мөнгөөр гэхгүй зээлээр олгодог байх талаас тухайн компанитай ярилцаж өгөөч гэдэг хүсэлтийг аймгийн удирдлагад хэллээ.

-Малын тэжээл, өвсний нөөц хэр байгаа вэ?
-Сумын нөөцөд 30 гаруй тонн өвс нөөцөлсөн. Түүнийгээ малчиддаа хуваарьтай олгосоор одоо 20 хүрэхгүй тонн өвс үлдээд байна. Мэдээж өвс, тэжээл нэмж татах зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо үлдсэн өвсийг малчиддаа аль болох тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй гэдэг шиг хуваарьтай өгч, цаашдаа  хаваржилтад зориулсан өвс, тэжээл аймгаас татах чигтэй байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ