Зээрийн сүрэг хүйтний улирлыг даалгүй хөлдөж үхэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ жил Хэнтий,Сүхбаатар болон Дорноговь аймгийн зарим сумдаар цас их орж хүйтэрснээс зээрийн сүрэг бэлчээр хайж нүүдэллээд удаж байна.
Зээрийн сүрэг цастай газар тогтдоггүй амьтан аж. 2015 оны арван нэгдүгээр сарын дундуур Дорноговь аймгийн Сайншанд, Даланжаргалан, Айраг, Замын-Үүд зэрэг сумын нутгаар 6000 орчим зээр тархан бэлчээрлэж байсан бол эдүгээ Өргөн сумын нутагт 100 орчим мянган зээрийн сүрэг байгаа талаар албаны хүн өгүүлэв.
Цас зудтай өвлийн хүйтэнд зээрийн сүрэг үхэж үрэгдэх хэд хэдэн шалтгаан буй. Нэгдүгээрт нутгийн малчид мал сүргийнх нь идэш, бэлчээрийг талхаллаа гэж ад үзэн энэ амьтныг хөөж туух. Хоёрдугаарт, чоно, нохой, шувуунд хөөгдөн хэдэн зуун км цахилж эцэж туйлдан явсаар амь тавих. Гуравдугаарт, хахир өвлөөр тарга тэвээргээ алдсан зээрийн сүрэг осгож үхэх зэрэг нөхцлийг бүрдүүлдэг бол зарим нь идэш хоолонд тэмүүлэн төмөр замын хашлага харайж өргөст торонд орооцолдон үхэх тохиолдол их байгаа аж. Ялангуяа Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний замын хажуугийн өргөст торонд ороод гарч чадалгүй олон зээр үхжээ.
Зээрийн сүргийг хамгаалж, бэлчээр нутгийг нь зохицуулах хууль эрх зүйн тодорхой акт Монгол Улсад байдаггүй бөгөөд зөвшөөрөлгүй зээр агнавал Засгийн газрын 2011 оны хоёрдугаар тогтоолын дагуу амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор цагаан зээрийн эрийг нь 500 мянга, эмийг нь 550 мянган төгрөгөөр тооцож уг этгээдээр төлүүлэх, улмаар захиргааны арга хэмжээ авах хуулийн заалттай. Ийнхүү цагаан зуднаас зугтаасан зээрийн сүрэг хүн, мал, машин техникийн дуу, чимээнээс үргэн бэлчээрээс бэлчээр дамжин идэш хоолоо олж идэхийн төлөөнөө цахилсаар.
Х.Эрдэнэбулган