Сурагчид цэвэршүүлсэн ус уух боломжтой болж байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:22:47

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Өвөрхангай аймаг дахь салбараас ерөнхий боловсролын сургуулиудыг ундны цэвэршүүлсэн усны төхөөрөмжөөр хангаж байна.

Тайван, Сингапур улсын хөрөнгө оруулалттай Эрүүл мэндийн төслийн Ус, орчны эрүүл ахуйг сайжруулах зорилгын хүрээнд 30 гаруй сая төгрөгөөр 8 сумын 19 сургуулийн хичээлийн байр болон дотуур байранд 39 ширхэг ундны ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг тавиад байгаа юм.

Уг ажил Арвайхээр сумын 1 дүгээр сургууль дээр үргэлжилж, хичээлийн А байранд 3, хичээлийн бага сургуульд 1, дотуур байранд 1 гээд нийтдээ 5 ус цэвэршүүлэгчийг байрлууллаа. Үүний үр дүнд хүүхдүүд крантны хүйтэн ус бус цэвэршүүлсэн усыг халуун, хүйтэн сонголтоор уух боломжтой болж байна.

Дэлхийн зөн ОУБ-аас Арвайхээр сумын 1-р сургуультай хамтран ариун цэврийн байгууламж барих, хог хаягдлыг ангилан ялгах, биеийн тамирын гадна талбайн тохижуулах гээд олон ажлыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид стандартад нйицсэн ариун цэврийн байгууламжтай болгоход анхаарах гэнэ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ