Ш.Алтантуяатай Малайзын Ерөнхий сайд ямар ч холбоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 17:44:46

КУАЛА-ЛУМПУР. /Asiaone/. Амь үрэгдсэн, монгол загвар өмсөгч бүсгүй Ш.Алтантуяатай Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак огт уулзаж байгаагүй, ямар ч харилцаа, холбоогүй, түүнийг мэддэггүй байсан гэж Малайзын Ерөнхий сайдын алба дахин мэдэгдэв.

Ш.Алтантуяа Малайзын Ерөнхий сайд Нажибтай холбоотой байсан бөгөөд түүнийг хөнөөсөн хоёр залуу Нажибтай мөн холбоотой байсан тухай “Al Jazeera” мэдээлжээ.

"Хүн амины хэрэг үйлдсэн хоёр залуу Ерөнхий сайдын хувийн хамгаалагч биш. Энэ бол зориудын гүтгэлэг бөгөөд үүнийг үндэслэлгүй хуйвалдааныг даамжруулахад ашиглаж байна. Тэд хүндтэй зочид болон Засгийн газрын албаны хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг Малайзын цагдаагийн газрын ажилтнууд байсан. Баривчлагдах хүртлээ тэдний хийсэн үйлдлийн талаар Ерөнхий сайд юу ч мэдээгүй байсан" гэж Al Jazeera”-гийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

"Цагдаагийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр, тэр дундаа, Малайзын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Холбооны шүүх зэрэг шүүхийн нарийн үйл явц болоод өнгөрсөн. Гэм буруутай этгээдүүд ял шийтгүүлсэн. Хууль эрх зүйн эдгээр шатанд Ерөнхий сайдын нэр нэг ч холбогдоогүй. Эдгээр сэжиг бүхий мэдэгдэл Малайзын шүүхийг гутаан доромжилж байна" гэж Ерөнхий сайдын алба мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн уг мэдэгдэлд, Малайзын Тэнгисийн цэргийн худалдан авсан шумбагч хөлөг онгоцны наймаанд Ш.Алтантуяа оролцоогүй. Ийм арилжаа Малайз болон Францын Засгийн газар хооронд шууд болсон. Малайзын Засгийн газар шумбагч хөлөг онгоц худалдан авахад Ерөнхий сайд ямар ч зөрчил гаргаагүй. Дахин хэлэхэд эдгээр гүжирдлэг нь улс төрийн зорилготой гэж бичжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд