Өлзийт сумын Соёлын төв Н. Дагийранзаар овоглодог боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 20:11:28

Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийг Монгол Улсын Ардын жүжигчин Н. Дагийранзын нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өчигдөр гаргалаа.

Ардын жүжигчин Н. Дагийранз нь Өлзийт сумын нутаг Дэл ууланд мэндэлж, хүүхэд ахуйдаа нутгийн хуурч Д. Сайнбаяраар морин хуур хуурдахыг заалгаснаар Монголын их урлагт насан туршийн амьдралаа зориулах эхлэл болсон түүхтэй. Түүний Монголын урлаг, ялангуяа кино урлагт зүтгэсэн үйлс гавъяа, ардын язгуур урлагийн урын санг баяжуулахад оруулсан үнэт хувь нэмэр, үе үед алдаршин үлдсэн уран бүтээлийг нь мөнхөд алдаршуулж, хойч үеийнхэнд таниулж явах үүднээс төрөлх нутгийнх нь соёл урлагийн байгууллагыг түүний нэрээр ийнхүү овогложээ.

Өлзийт сумын Соёлын төв аймагтаа төдийгүй улсдаа үнэлэгдсэн үйл ажиллагаатай. 1960 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс, аймагт зохион байгуулагдсан 40 гаруй урлагийн наадамд тогтмол эхний байрын шагнал хүртэж, МУГЖ А.Дашпэлжээ, Ж.Дунжмаа, А.Нэргүй, Ц.Чулуунцэцэг, МУСТА Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг, Д.Даариймаа, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа гээд 130 гаруй алдартныг тайзнаасаа төрүүлсэн түүхтэй байгууллага юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ