Увс аймгийн оны тэргүүнүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн 2015 оны аварга тэргүүнүүд тодорч, өнгөрсөн бямба гарагт шагналаа гардаж авлаа.
“Оны тэргүүний үйлдвэрлэгч байгууллага”-аар “Зэл говь” компани, “Оны тэргүүний худалдаа үйлчилгээний байгууллага”-аар “Бэл булаг” компани, “Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар Өмнөговь сумын ахлах сургууль, Улаангом сумын 5-р цэцэрлэг, “Оны тэргүүний төрийн бус байгууллага”-аар “Шинэ тэмүүлэл” Залуучуудын клуб, “Оны тэргүүний хоршоо”-гоор Улаангом сумын “Зүүн тэрмис” хоршоо, “Оны тэргүүний тариаланч хамт олон”-оор Баруунтуруун сумын “Хонхор байц” компани, “Оны тэргүүний хадланч”-аар Наранбулаг сумын хадланч С.Содов, “Оны тэргүүний жимсчин”-ээр Улаангом сумын иргэн Б.Батсүх, Я.Жамсран, “Оны тэргүүний тариаланч”-аар Улаангом сумын иргэн Х.Бат-Эрдэнэ, Н.Оюунбилэг, Ч.Баяртай, Л.Мулцан, Б.Доржготов, Тариалан сумын иргэн П.Цэдэндамба нар тус тус шалгарлаа. “Оны тэргүүний хөдөө аж ахуйн ажилтан”-аар Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын ажилтан Д.Батбаатар, “Оны тэргүүний төрийн захиргааны албан хаагч”-аар аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн О.Саруул, Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан, “Оны тэргүүний төрийн тусгай албан хаагч”-аар Хилийн цэргийн 0245-р ангийн 1-р заставын дарга А.Алтангэрэл, “Оны тэргүүний боловсролын салбарын ажилтан”-аар Зүүнговь сумын ахлах сургуулийн Биеийн тамирын багш, “Бор Арслан” бөхийн клубын дасгалжуулагч С.Дугармаа, Завхан сумын Цэцэрлэгийн багш Х.Чимгээ, “Оны тэргүүний эрүүл мэндийн салбарын ажилтан”-аар Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын зөвлөх их эмч Л.Ганхуяг, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Н.Амарсанаа, Түргэн сумын ЭМТ-ийн лаборант Т.Оюунтуяа, “Оны тэргүүний соёлын ажилтан”-аар “Ойрад” театрын бүжиг ангийн хамт олон тус тус шалгарсан юм.
Мөн “Оны тэргүүний байгаль орчны салбарын ажилтан”-аар Баруунтуруун сумын Цаг уурын өртөөний дарга Ц.Сийлэгмаа, “Оны тэргүүний сурагч”-аар Цогцолбор 1-р сургуулийн сурагч Н.Содбаяр, “Оны шилдэг тамирчин”-аар Зүүнговь сумын Ахлах сургуулийн сурагч С.Удвал, “Оны тэргүүний нийтийн үйлчилгээний ажилтан”-аар гутлын цехийн Д.Гантулга, эсгий үйлдвэрлэлээр Д.Мягмар, “Оны тэргүүний тээвэрчин”-ээр “Түмэнд нээлттэй хязгаарынхан хоршоо”-ны жолооч Б.Болор-Эрдэнэ, “Зорчигч тээврийн тэргүүний ажилтан”-аар “Түмэнд нээлттэй хязгаарынхан хоршоо”-ны жолооч Д.Амарболд, “Оны тэргүүний барилгачин”-аар “Ундрах бүтээмж” компанийн засалчин Н.Соёлмаа, “Оны тэргүүний санхүү бүртгэлийн ажилтан”-аар “НИК-Петровис” ХК-ийн Увс салбарын ерөнхий нягтлан бодогч Х.Батхүү, “Оны тэргүүний татвар төлөгч байгууллага”-аар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани тус тус шалгарч, оны аваргын шагналаа гардан авлаа.
Аймгийн шилдгүүдийг шагналаа гардаж авах үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Увс аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас 2015 оны ажлаараа 1-р байранд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, шалгарсан юм. Тус хэлтсийн дарга И.Оюунчимэг:
2015 он бол бидний хувьд амжилт бүтээл арвинтай жил болж өнгөрлөө. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх зэрэг бодит ажлуудыг хийсэн. Мөн улсын төсвийн 400 сая, аймгийн ОНХС-гийн санхүүжилт 70 сая төгрөгөөр ахмадын “Алтан үе” сувиллын барилгыг бариулж ашиглалтад орууллаа. Тэрчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг сумдад хэрэгжүүлж, өрхийн амьжиргааны судалгаанд аймгийнхаа айл өрхүүдийг хамруулж мэдээллийн нэгдсэн сан бий болголоо. 2015 оны ажлынхаа үр дүнгээр баруун бүсдээ 1-р байр, улсад 3-р байр, аймагтаа тэргүүн байранд шалгарсандаа баяртай байна. Энэ амжилтыг гаргахад хамтран ажилласан аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд болон хамт олондоо баярлалаа гэж хэлье.
-“Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар шалгарсан Улаангом сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Тогтохбаяр:
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай хамт олон хүүхдийн төлөө цохилох зүрхтэй байж, сэтгэл зүтгэл гарган нэг зорилготой, нэг чиглэлтэй, хамтаараа нэг баг болж ажилласан. 2014 онд “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг”, 2014 оны сүүлээр “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, мөн 2015 оны сүүлээр системдээ тэргүүлж “Боловсролын тэргүүний байгууллага”, одоо аймгийн “Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар шалгарсандаа баяртай байна. Энэ бүх амжилтыг гаргахад хичээнгүй ажилласан хамт олондоо, шаргуу, хөгжилтэй бяцхан шавь нартаа, биднийг дэмжиж хамтран ажилладаг эцэг эхчүүддээ, мэргэжлийн байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлээд сар шинийн баярын мэнд хүргэе.
-“Оны тэргүүний эрүүл мэндийн салбарын ажилтан”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх их эмч Л.Ганхуяг:
Увсчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг дэмжиж туслаж ажилладаг аймгийн НЭ-ийн болон ЭМГ-ын хамт олон, тэр дундаа Мэс засал, Сэхээний тасгийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг сүүлийн жилүүдэд 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг тод илрэл бол бид бүхэн 2013 оноос хэвлэлийн хөндийн дурангийн хагалгааг амжилттай хийж эхэлсэн. Мөн нойр булчирхай, давсагны хагалгааг хийх болсноор бид бүхний амжилт ахисан. Сүүлийн жилүүдэд Увс аймагт хавдрын өвчлөл нэн тэргүүнд яригдаж байна. Энэ тохиолдолд эмч мэргэжилтнээ хавдрын чиглэлээр сургаж, цаашдаа орон нутагтаа хагалгаа хийдэг болох шаардлагатай байгаа. Увсчууд маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-“Оны тэргүүний тариаланч” Н.Оюунбилэг:
Газар тариалангийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж, өнөөдөр ажлынхаа үр дүнг төр засгаараа үнэлүүлэн аймгийн “Оны тэргүүний тариаланч” болсондоо баяртай байна. Удахгүй болох сар шинийн мэндийг Увсчууд болон гэр бүлийнхэн, найз нөхөд, ах дүүсдээ хүргэе.
Увс аймаг Б.Батхүү