Мандах сум харанхуй байсаар байх уу?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:56:06

Дорноговь аймгийн Сайншанд хотоос баруун урд орших Мандах сум өнөөг хүртэл төвийн эрчим хүчинд холбогдоогүй харанхуй хэвээр байна.

Уг нь энэ суманд улсын төсвийн 480 орчим сая төгрөгийн хөрөнгө  оруулалтаар 2007 онд 80 квт-ын хүчин чадалтай салхин станцыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захиалгаар “Престиж Инженеринг” ХХК барьж ашиглалтад оруулж байжээ. Салхин станцыг барих үед салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн, нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн, станцуудыг ашиглалтад өгөхдөө  гүйцэтгэгч компаниуд  ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах үндсэн шалтгаан болсон зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байсан аж.

Харин дээрх салхины станцыг барьсаны дараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл хийх төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3,2 сам ам долларын хөрөнгөөр нарны цахилгаан станц  барьсан нь өнөөдөр мөн л ажиллахаа байгаад уджээ.

Албаны хүний хэлснээр нарны станцын батерей руу цэнэг дамжуулдаг найман тохируулагчийн зөвхөн нэг нь ажилладаг бөгөөд энэ нь нартай үед сумын төвийг хоёроос гурван цаг л  гэрэлтүүлээд таг унтардаг байна. Харин Мандах сумынхан шөнийн бор хоногтоо нэгээс  хоёр цаг дизель асааж  гэрэлтэй хэсэгхэн  залгаад  мөн л  харанхуйтай золгодог аж.   Ийнхүү хоёрын хоёр хавсарсан сэргээгдэх эрчим хүчний технологи суурилуулсан Мандах сум хэзээ 24 цагийн эрчим хүчтэй болох нь тодорхойгүй байгаа юм.

Энэхүү станцууд Багануурын “Зүүн өмнөд бүсийн цахилгаан  түгээх сүлжээ“ төрийн өмчит компанийн мэдэлд байдаг хэдий ч орон нутгаас засвар үйлчилгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад дорвитой хариу өгдөггүй гэх. Учир нь станцуудын эвдрэл гэмтлийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн зарим инженер техникийн ажилтнууд л мэддэг бөгөөд тэд томилолт, хөрөнгө санхүү нэхдэг учир хөдөлж өгдөггүй хэмээн учир мэдэх хүн тайлбарласан юм.  

Одоо тус сумыг төвийн эрчим хүчинд холбох нэг л гарц байгаа нь  Оюутолгойгоос  “МАК” ХХК-ийн эзэмшилд буй  тус сумын Цагаан суваргын зэсийн орд хүртэл тавьж буй 160 орчим км агаарын эрчим хүчний шугамын  ажил юм. Хэдийгээр ажил нь эхэлсэн ч дээрх агаарын шугам хэзээ ашиглалтад орох нь мөн л тодорхойгүй байна.  Мандах сумынхан ажиллахаа байгаад удсан хосолмол станцаа  “Гамшгийн сэнс” хэмээн нэрлэжээ.

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд