Турк-Монголын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-15 12:07:36

МУИС-ийн ректор Р. Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөзтэй  уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хоорондын найрсаг харилцаанд боловсролын салбарын хамтын ажиллагааны үзүүлж буй нөлөөг хэлэлцэв.

Тус улсад өнөөгийн байдлаар 900 орчим монгол оюутан суралцаж байна. Нийт 2000 орчим залуус суралцаж төгссөн бөгөөд тэдгээр залуучууд өнгөрөгч долоо хоногт Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийг байгуулсан талаар Элчин сайд ноён Мурат Карагөз сонирхууллаа. Мөн МУИС-ийн Түрэг судлалын тэнхим үйл ажиллагаа явуулж байгаад таатай байдгаа дурдаад Турк-Монголын их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ЭСЯ, ТИКА-ын Хөтөлбөр захицуулах газар, Юнус Эмрэ хүрээлэнгийн дэмжлэгийг цаашид үргэлжилнэ гэдгийг илэрхийллээ.

Ректор Р. Бат-Эрдэнэ монгол оюутнуудад Туркийн Засгийн газраас үзүүлж буй дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд МУИС-ийн бүтэц, зорилгыг танилцуулж Туркийн их сургууль болон эрдэм шинжилгээний салбарын төлөөлөлтэй хамтарч ажиллахад таатай байхыг дурдаж ойрын хугацаанд хоёр улсын хооронд багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээний хурал зэрэг ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ