З.Энхболд: Монгол Улс дэлхий нийтийн аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 11:44:08

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улс гурван жилийн өмнө 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад  жинхэнэ гишүүнээр элссэн. Энэхүү байгууллагад гишүүнээр элссэнээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох бодит нөхцөл бүрдсэн.

2014 оны 10 дугаар сард Женев хотноо болсон 13 дугаар намрын хурлаар өнөөдрийн хурлыг Монголд хийх шийдвэр гарсан нь манай орны олон улсын нэр хүнд өсч, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахихад Монгол Улс ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж, бодитой хувь нэмэр оруулж байгаагийн илрэл юм.

Өнөөдөр олон улсад хүндрэлтэй асуудлууд их байна. Энэ нь олон улсын байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах, улам нягт хамтран ажиллах, гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх шаардлагыг зүй ёсоор тавьж байна. Энэ удаагийн хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах болон хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх болон хүйсийн эрх чөлөө зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд