Эрх баригчдаас сонгуулийн амлалтын биелэлтийг шаардана

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-02-22 16:27:36

УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит болон ээлжит бус чуулган завсарласантай холбогдуулж цаг үеийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс найман асуудлыг хэлэлцэн баталсан. Мөн ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ганцхан асуудал буюу Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг шийдсэн. Зээлийн хэлэлцээр соёрхон баталсаныг эс тооцвол ганц асуудал хэлэлцлээ.

МАН-ын бүлэг эрх баригчдын алдааг хазаарлаж, зөв зүйтэйг нь дэмжиж ажиллана гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Тус бүлэг бодлогын чанартай 14 гол зорилтыг санаачилсанаас 8-9  нь биелсэн. Тухайлбал, Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болсон. 2030 он хүртэл Монгол Улс төрийн алсын харааг тодорхойлж чадсан. Үүнийг МАН-ын 27 дугаар их хурлаас санаачилж 2014 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьж хоёр жил гаруй хугацаанд хэлэлцүүлснээр намрын чуулганаар баталлаа.

Мөн бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлыг байнга тавьж ирсний дүнд малдчын зээлийн хүү тодорхой хэмжээнд буурсан. Бусад зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллана. Шатахууны үнийг улсын хэмжээнд ижил түвшинд авчирлаа. Цаашид ч буурах бололцоо бий. Цалин тэтгэвэр буурахгүй байгаа нь бидний шаардлагын үр дүн юм. Түүнчлэн мах, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг үнэ цэнэтэй болгох хүрээнд махны экспортын эхлэл тавигдсан. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох шаардлагыг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Бүсийн хөнгөлөлтийг авах бололцоог бүрдүүллээ. Орон нутгийн мандатыг тоог цөөрүүлэхгүй байх санаачилга ажил хэрэг болсон” гэв.

Түүнчлэн тус бүлэг ирэх хаврын чуулганаар засаглалын болоод эдийн засгийн хямралыг арилгахад гол анхаарлаа хандуулж ажиллах гэнэ. Үүний зэрэгцээ ажилгүйдэл ядуурлыг бууруулах, авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтооход анхаарахын зэрэгцээ эрх баригчдаас мөрийн хөтөлбөрийн амлалтын биелэлтийг шаардана хэмээн мэдэгдэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ