Энэ онд барих 7 замын хоёр нь дугуйн замтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-23 14:46:42

Монголын Залуучуудын холбооноос өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөсөн “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Монголын дугуйн холбоо, Залуу дугуйчин клуб, “NICE BIKE” клуб, “Атилла” унадаг дугуйн дэлгүүр, “ТРЕК” унадаг дугуйн дэлгүүр, “Canondale” унадаг дугуйн дэлгүүрийн төлөөлөл оролцсон юм.

Манай улсын хувьд унадаг дугуйн хэрэглээ 30 мянгад хүрсэн бөгөөд унадаг дугуй хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг судлахад Унадаг дугуй зам, Унадаг дугуйн хулгай, Унадаг дугуйн зогсоол гэх мэт асуудлууд эхний гуравт жагссан байна. Мөн үеэр хөндөгдсөн томоохон асуудлын нэг нь унадаг дугуйн замын асуудал байсан бөгөөд уг төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг 9 газар 45.9 км дугуйн замтай болсон бол концессын гэрээгээр 2016 онд баригдах 7 замын хоёр нь дугуйн замтай баригдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрвээ  уг төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл энэ онд 30 орчим км дугуйн зам нэмэгдэх нь. Мөн Авто замчин залуучуудын холбоо  явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Уулзалтын үр дүнд залуучууд нэгдэж өөрсдийн боломж бололцоогоор дугуйн жишиг замтай болох, унадаг дугуйг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг саналууд гаргасан бөгөөд саналуудын нэгтгэн энэ онд хэрэгжүүлэх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгахаар болов.

Б.Туул

Холбоотой мэдээ