Зарим газраар цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-19 16:32:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 19-20-нд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Нутгийн зарим хэсгээр салхи 12-16м/с хүрч, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж болзошгүй аж. Цаг агаарын  таагүй үзэгдлийн улмаас тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул ард иргэдийг орон нутгийн замд явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Харин есдүгээр сарын 20-24-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 20-нд зарим газраар хур тунадас, уулаараа цас орнох аж. Салхи 20-нд говийн нутгаар 10-12м/с зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с, 19-21-нд сэрүүсч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн салбар уулсаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 2-7 градус дулаан байх аж.

Харин Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх  төлөвтэй.

                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ