БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор Монголд ямар ашигтай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-03 17:00:34
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /beltandroad/. Ирэх онд БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Хоёр орон энэхүү боломжийг ашиглан харилцаагаа бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тавих зорилготой байна.


Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сард Монголд мөн айлчилсан билээ. Уг айлчлалын үеэр талууд БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдах гол коридоруудын нэг болох БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг түргэвчлэхээр тохиролцсон билээ.




БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын төв маршрут


БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын төв маршрут буюу “Талын зам” төсөл БНХАУ-ын Тяньжин боомтоос эхлэн баруун хойш чиглэж явсаар Монголд хүрдэг. Гэсэн хэдий ч Сибирь болон Монголын түүхий эд, нөөц баялаг Тяньжинаас экспортод гардаг. Төв маршрут нь Монгол, Улаан-Үд дэх Транс-Сибирийн боомтод хүрдэг юм. БНХАУ-ын зүүн хойд нутгийн томоохон компаниудын хувьд энэхүү маршрут нь Европт хүрэх хамгийн дөт зам бол Монгол Улсын хувьд уг тээврийн сүлжээний төв нь болох зорилготой байгаа. Энэхүү шинэ корридороор ачаа тээшний тээвэрлэлт аль хэдийн хийгдээд эхэлсэн. Монгол-Брест болон БНХАУ-Монгол-Герман чиглэлийн аялал нь Европын аж ахуйн нэгжүүдэд Монгол болон БНХАУ-ын зах зээлд нэвтрэх боломжийг олгож байгаа юм. Мөн энэ чиглэл нь Монгол, БНХАУ-ын компаниудад Европын зах зээлд нэвтрэх боломжийг олгож байгаа билээ.




Бусад чиглэлийн төмөр замын ажил урагшлахгүй байна


БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд Төв маршрутаас гадна өөр маршрутыг гаргасан боловч бүтээн байгуулалтын хувьд ахиц дэвшил гарахгүй байна.


  • Таван толгой төсөл: Монголын Таван толгой нүүрсний ордыг БНХАУ-ын хилтэй холбох төсөл. Уг төсөлд 200 сая долларын хөрөнгө оруулалт аль хэдийн хийсэн. "Шиньхуа" групп болон "Сумитомо" корпораци уг төмөр замын төслийн санхүүжилтэд хувь нэмрээ оруулсан хэдий ч 800 сая доллар дутаж байгаа юм.
  • Монголын Засгийн газар Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замыг БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорт нэгтгэх зорилготой байгаа боловч БНХАУ уг саналыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байна.
  • Сайншандаас Эрээнцав, Нөмрөг, Бичигт чиглэлд төмөр зам тавих санал гаргасан боловч энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг Торгоны зам сан болон Азийн Дэд бүтцийн хөгжлийн банкнаас хүлээж байна.

Яриагаа ажил болгоё гэж Монгол уриалж байна


Санхүүжилт, төмөр замын царигийн хэмжээ, хил гааль, байгаль орчин болон өргөн хүрээтэй үзэл баримтлалын асуудлууд зэрэг нь БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор болон дээр дурдсан төслүүдийн хэрэгжилтэд ихээхэн саад болж байна. Гэсэн хэдий ч Монгол Улс эдгээр асуудлыг зохицуулахыг хичээдэг. Үүний үр дүнд Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын идэвхтэй түнш болсны зэрэгцээ өөрийгөө дэмжих чиглэл баримталж байна. Жишээ нь, Монголын Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ 2017 оны 12 дугаар сард Москва хотод болсон Евразийн Тээвэр ба ложистикийн нэгдсэн хуралдаанд оролцохдоо Европ-Азийг богино замаар холбоход Монгол чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд гуравдагч түншийг хайж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-ОХУ-ын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Энэхүү чөлөөт худалдааны бүс нь 2020 он гэхэд ОХУ-Монголын худалдааны эргэлтийг эрчимтэй нэмэгдүүлж, Евразийн Эдийн засгийн холбооны хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулахад чухал үүрэгтэйг тэрбээр дурдсан юм. Мөн тэрбээр, БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорын тухай ярихаас өөр зүйл хийхгүй байгаа бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх гүн харилцаа холбоог хүлээж байна гэж онцлон мэдэгдсэн билээ. Энэ оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ, Монгол, ОХУ-ын төрийн тэргүүн нар гурван улсын эдийн засгийн коридорыг өргөжүүлж, ШХАБ-ын үйл ажиллагаан дахь Монголын оролцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын 1981 оноос хойших хамгийн том цэргийн сургуулилтад БНХАУ-аас гадна Монгол Улс оролцсон юм.


Эрсдэлээс бултах


Далайд гарцгүй байдлын бодит бэрхшээлтэй нүүр тулж байгаа Монголын албаны хүмүүс эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих хамгийн гол түлхүүр бол төмөр зам болон замын дэд бүтэц юм гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Үүнээс гадна БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорыг амжилттай хэрэгжүүлж чадвал энэ төсөл нь тоглоомын түлхүүр болно гэдгийг Монгол Улс ойлгосны учир үүнд их анхаарал хандуулж байна. Мөн Монгол эдийн засгийн хувьд БНХАУ-аас хэт хамааралтай байхаас болгоомжилдог бөгөөд ийм хандлага гурван улсын коридорын хүрээнд гарч болзошгүй юм. Монголын нийт экспортын 80 хувь нь БНХАУ руу гардаг. Тиймээс Монгол олон улсын өөр хөрөнгө оруулагч, улс төрийн холбоотон хайдаг.


Монголын ашиг сонирхол


Эцсийн эцэст Монгол-БНХАУ-ын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа эерэг хандлагатай явж байгаа. Монголын тал БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах төсөлд оролцож, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хандлага цаашид хэвээр байх болно. Монголын хувьд БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор нь бүс нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг бий болгоно гэдэгт ихээхэн найдлага тавьж байна.

Холбоотой мэдээ