Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-30 13:36:49

ВАНКУВЕР, 2025 оны есдүгээр сарын 30 /Kazinform/. “Visual Capitalist” байгууллагын шинэчилсэн судалгаагаар орон сууцны түрээсийн төлбөр хамгийн өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг Нью-Йорк тэргүүлсэн бол Сингапур, Дубай хотуудад түрээсийн үнэ ихээхэн өсжээ. 


Судалгаанаас үзэхэд, дэлхийн томоохон хотуудад орон сууцны түрээсний үнэ хурдтай өссөөр байна. Жагсаалтын тэргүүнд Нью-Йорк орж, Сингапур ба Дубайд түрээсийн үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ. 


Нью-Йорк хотын төвд нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 4143 ам.доллар байгаа нь таван жилийн өмнөхөөс 22 хувиар өссөн байна. Цар тахлын нөлөө болон хүн амын шилжилт хөдөлгөөн явагдсан хэдий ч дэлхийн санхүүгийн төв болсон тус метрополис хотод орон сууцны эрэлт өндөр хэвээр байна.


Жагсаалтын хоёрдугаарт Бостон хот бичигджээ. Тус хотод нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 3394 ам.доллар (таван жилийн хугацаанд 25 хувиар өссөн) байна. Энд түрээсийн үнэ өндөр байгаа нь түрээсэлж болох орон сууцны тоо хязгаарлагдмал, барилгын материалын үнэ их байгаатай холбоотой. Жагсаалтын гуравдугаарт Сан-Франциско ($3,332) хот бичигджээ. Тус хотод сүүлийн таван жилд түрээсийн үнэ бараг өөрчлөгдөөгүй (+1%) байна.


Түрээсээр өртгөөр АНУ-ынхаас бусад хотуудыг Сингапур тэргүүлжээ. Тус хотод түрээсийн нэг сарын төлбөр 2020 оныхоос 55 хувиар өсөж, 3167 ам.доллар болсон нь жагсаалтад багтсан хотуудынхаас хамгийн хурдацтай өссөн үзүүлэлтэй болжээ. Европын хотуудыг Лондон тэргүүлсэн ба тэндхийн түрээсийн төлбөр 39 хувиар нэмэгдэж, 2985 ам.долларт хүрчээ. Швейцарын Цюрих (2720 ам.доллар, 35 хувиар өссөн), Женев (2330 ам.доллар, 20 хувиар өссөн) хотууд түрээсийн төлбөр хамгийн өндөртэй Европын хотуудын тоонд орсон хэвээр байна.


Шинжээчид Дубай хотыг онцгойлон тэмдэглэжээ. Тус хотод түрээсийн төлбөр 54 хувиар өсөж, 2401 ам.долларт хүрснээр Ойрх Дорнодын хамгийн өртөг өндөртэй хот болж, жагсаалтын наймдугаар байранд оржээ.


Жагсаалтад Чикаго, Хонконг, Сидней, Ванкувер, Мюнхен зэрэг нийт 20 хот багтжээ. Хонконгт түрээсийн төлбөр 3 хувиар буурч, 2202 ам.доллар болсон байна.


Түрээсийн төлбөр өсөж байгаа нь орон сууцны хомсдол төдийгүй, алсаас ажилладаг хүмүүс дэлхийн хамгийн хөгжингүй төвүүдэд амьдрах болсонтой холбоотой гэж үзэж байна. 

Холбоотой мэдээ