Б.Нинжбадгар: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд их сонгох болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-20 11:09:25

Завхан/МОНЦАМЭ/.Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм хэмээн тайлбарладаг. Эвлэрүүлэн зуучлалыг сүүлийн үед АНУ, Австралийн олон нийт, хуульчид өргөнөөр хэрэглэж байгаагаас гадна Азийн орнуудын шүүхийн практикт эрчимтэй нэвтэрч байгаа ажээ.Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийг Монгол Улсын Дээд шүүхээс Японы Засгийн газарт өргөн барьснаар 2009 оноос ЯпоНы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд тусгаж, дүрэм журам болон мөрдөх арга замыг тодорхойлох явдал энэ төслийн нэг томоохон зорилго байсан нь төслийн нэгдүгээр шатанд биеллээ олж Монгол Улсын Их Хурал 2012 оны тавдугаар сарын 22-нд  Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг соёрхон баталсан байдаг.

Тэгвэл эвлэрүүлэн зуучлал гэж чухам юуг хэлээд байгаа, Завхан аймагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн явагддаг талаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгартай уулзаж ярилцлаа. 

-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж чухам юуг хэлээд байгаа юм бол?

-Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргалдагч талууд хоорондоо харилцан ярилцаж хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрч маргаанаа шийдвэрлэх ажиллагааг хэлнэ. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг иргэд сонгох болсон. Энэ ажиллагааны нэр хүнд өсч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал харьцангуй бага, цаг хугацаа хэмнэх, хувийн нууц нийтэд дэлгэгдэхгүй, ажиллагааны уян хатан байдал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй.

Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй,нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай.

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад л оршино. Зуучлалын үндсэн зарчим нь, уул ажиллагаа талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох явдал юм.  

-Эвлэрүүлэн зуучлалаар ямар ямар эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг юм бол?

 -Иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг. Тухайлбал гэрээний үүргээс үүссэн маргаан, худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, хугацаа хэтэрсэн төлбөрийн маргаан, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой маргаанууд орно. Хоёрдугаарт гэр бүлийн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг.

Жишээлбэл гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаан зэргийг шийдвэрлүүлж болно. Гуравдугаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэдэг. Ажилтан болон ажил олгогч хоёрын хооронд үүссэн маргаан. Үүнд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх зэрэг маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

Дахин хэлэхэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зорилт нь эрхзүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах эрхзүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Тиймээс эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэхээр хуульчилсан.

Бусад харилцаанаас үүссэн маргаанд хуульд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно. Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг заавал хэрэглэнэ. Харин гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтанд байдаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тохиолдолд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл хүчирхийлэлгүй тохиолдолд гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эвлэрүүлэн зуучлалаар заавал орж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэнэ. Энэ ажиллагааны үр дүнд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүхээр гэрлэлт цуцлах эсэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд тухайн иргэн эвлэрүүлэн зуучлагчид хандах уу, шүүхэд хандах уу гэдгээ өөрөө сонгох эрхтэй байдаг.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд яагаад хандах ёстой вэ? Давуу талынх талаар мэдээлэл өгнө үү?

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал нь нууцыг чандлан хадгална. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй талуудын нэр хүнд, ажлын газар, тухайн эрхэлж буй үйл ажиллагаанд нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй бөгөөд мэдээлэл нь нууц, ажиллагаа хаалттай явагддаг. Цаг хугацаа хэмнэнэ. Цаг хугацааны хувьд шүүхээс хурдан шуурхай байдаг.

Маргалдагч талууд ихэвчлэн эхний уулзалтаар маргаанаа шийдүүлдэг нь талуудын цаг хугацааг хэмнэж байгаа юм. Мөн зардал мөнгө хэмнэдэг. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад маргааны үнийн дүнгээс шалтгаалан  улсын орлогод тэмдэгтийн хураамж төлнө. /1,050,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй маргаанд/ Харин  1,050,000 төгрөгөөс дээш хэдэн ч төгрөгийн үнийн дүнтэй өргөдөл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг л төлнө. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрсэн тохиолдолд талуудын тохиролцсон агуулгын дагуу эвлэрлийн гэрээ байгуулдаг.

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж тухайн шатны шүүхийн шүүгч захирамж гаргаснаар шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Хамгийн гол давуу тал нь нотлох баримт, хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүй өргөдлийг хүлээн авдаг. Та эхнэр нөхөр, найз нөхөд, бизнесийн хамтрагч хэнтэй ч эв зүйгээр, эвийн журмаар маргаанаа шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Мөн өмгөөлөгч авах, шинжээч томилуулах, гэрч асуулгах гэх мэт зардлуудаас хөнгөлөгдөх боломжтой.

Цаг хугацааны хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн хугацаа нь 30 хоног байна. Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлалд хэрэг ирсэн тохиолдолд энэ ажиллагааны хугацааг ИХШХШТХ-д заасан хугацааны дотор буюу 60 хоногийн дотор уг ажиллагааг явуулахаар хуульчилсан. Шүүхэд хандсан тохиолдолд 60 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

Аливаа эрх зүйн маргаан төрөл садан, найз нөхдийн хооронд үүсэх тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлбэл хэн хэн нь сэтгэл хангалуун байж маргааны талуудын найрсаг харилцаа хэвээр үлдэх сайн талтай. Маргалдагч талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулна.Уг гэрээг хууль зөрчөөгүй тохиолдолд шүүгч баталгаажуулж захирамж гаргана. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд уг асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.

Шүүгчийн захирамж нь шүүхийн эцсийн шийдвэр болдог. Гэхдээ тохирсон хугацаандаа тохирсон байдлаараа мөнгө төгрөг, гэрээний зүйлээ өгч авалцахгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх боломжтой. Эцэст нь хэлэхэд амьдралд гарч байгаа эрхзүйн бүх маргааныг шүүхээр шийдүүлэхгүйгээр эвлэрүүлэн зуучлалд хандсанаар дээр дурьдсан тодорхой төрлийн маргаануудыг эвийн журмаар богино хугацаанд зардал багатайгаар шийдүүлэх боломжтой юм. Иймд иргэд маань эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдүүлэх нь ашигтай гэдгийг зөвлөе.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа хэд хоног байдаг вэ?   

-Өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр хугацааг нэг удаа сунгаж болдог. Талууд маань хүрэлцэн ирсэн тохиолдолд тэр өдөртөө ч шийдэгдэх боломжтой  байдаг.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах вэ?  

-Өргөдөл гаргагч нь уригдах талын оршин суух газрын харъяагаар иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандана. Иймд Завхан аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас мэдээлэл авснаар эвлэрүүлэн зуучлалын өргөдлийн маягтын дагуу өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтан өргөдлийг шүүхийн 108 тоот өрөөнд хүлээн авна.

Мөн эвлэрүүлэн зуучлалын 70463071 гэсэн утас ажилладаг тул утсаар мэдээлэл зөвлөгөө авч болно. Хэрвээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй тохиолдолд талуудын шүүхэд хандах эрх нээлттэй үлддэг тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн журмаар маргаанаа шийдүүлэх боломжтой.

-Танайх эвлэрүүлэн зуучлах талаар жилд хэдэн өргөдөл хүлээн авч, хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-2014 оны 02 дугаар сарын 04-нөөс Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Жил ирэх тусам өргөдлийн тоо нэмэгдэж байгаа. 2016, 2017 оныг авч үзье. 2016 онд 254 иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэж байсан.

Тэгвэл 2017 онд энэ тоо 315 болжээ. Харин гэр бүлийн эрх зүйн маргаан 2016 онд 10 байсан бол 2017 онд зургаан маргааныг шийдвэрлэсэн. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал 2017 оны бүтэн жилийн байдлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж гаргасан 316 өргөдөл, шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн зургаан хэрэг, нийт 322 хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхээр хүлээн авсан байна.

Эдгээр хэрэг, маргааныг  эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 315, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан нэг, гэр бүлийн эрх зүйн маргаан зургаа ирсэн байна. Нийт 273 хэрэг, маргааныг амжилттай шийдвэрлэснээс гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан нэг, иргэний эрх зүйн маргаан 272-ыг шийдвэрлэж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна. Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан 14, өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр буцаан 28 өргөдлийг авсан байна. Оны эцэст гурван өргөдлийн үлдэгдэлтэй ажилласан байна.  

 -Тэгвэл 2018 онд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар нийт хэчнээн маргааныг шийдвэрлэсэн бэ?

-2018 оны 09 дүгээр сарын 28-ны  байдлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж гаргасан 187 өргөдөл, шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн долоон хэрэг, нийт 194 хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхээр хүлээн авсан байна. Эдгээр хэрэг, маргааныг төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 178, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан хоёр, гэр бүлийн эрх зүйн маргаан 14 ирсэн.

Нийт 136 хэрэг, маргаан амжилттай шийдвэрлэснээс гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан гурав, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан хоёр, иргэний эрх зүйн маргаан 131 нь эвлэрч шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Харин 12 хэрэг, маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон.

Үүнд гурван иргэний эрх зүйн маргаан, шүүхээс шилжүүлсэн долоон гэрлэлт цуцлуулах хэрэг, эвлэрүүлэн зуучлалд хандсан гэрлэлт цуцлуулах хоёр маргаан тус тус амжилтгүй болсон байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан 10, өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр 34 өргөдлийг буцаан авсан. Одоо эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр маргааны үлдэгдэлтэй ажиллаж байна.

Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Б.Мягмарсүрэн

 

 

Холбоотой мэдээ