"Майкл" хар салхи Америкийн АЦХ-ий баазад ноцтой хохирол учруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-12 11:36:14

ВАШИНГТОН. /РИА Новости/. “Майкл” хар салхи Америкийн Флорида муж улс дахь тус улсын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ "Тиндалл" баазад ноцтой хохирол учруулжээ.

Пүрэв гарагийн өглөө “Майкл” хар салхины эрч халуун орны хар шуурганы түвшинд хүрч суларсан байна. Байгалийн гамшгийн улмаас наад зах нь зургаан хүн амиа алдсан бол хар салхинаас учирсан хохирол олон тэрбум ам.доллараар хэмжигдэж болзошгүй байна.

“Майкл” хар салхины улмаас Америкийн Флорида муж улс дахь АЦХ-ий баазын барилга байгууламжууд бүгд сүйдсэн байна. 

“Нисэх онгоцны засвар үйлчилгээний бүс эвдэрч сүйдсэн. Баазын барилга байгууламжууд үндсэндээ бүгд эвдэрч сүйдлээ. Маш олон байшин барилга бүрэн сүйдсэн. Хар салхи "Тиндалл"-ын нисэх онгоцны зогсоолыг бүрэн сүйтгэсэн” гэж тус цэргийн объектын төлөөлөгчид “Facebook” дэх хуудсандаа мэдээлжээ.

Одоогийн байдлаар баазыг хаасан бөгөөд цахилгаан эрчим хүч тасарч, гол харилцаа холбоо ажиллахгүй байгаа аж.

"Майкл" хар салхи Флорида муж улсад лхагва гарагийн өдөр Мексико-Бич хотоос баруун хойд зүгт эрэг хавьд дэгдсэн байна. Лхагва гарагт салхины хурд цагт 250 км-т хүрчээ. Шинжээчдийн тооцоолсноор, хар салхинаас учрах эдийн засгийн хохирол 30 орчим тэрбум ам.доллар болж магадгүй байна. 

Холбоотой мэдээ