Буддын шашны мэдлэгийг шинжлэх ухаантай хослуулвал зөв төлөвшилтэй Монгол хүн олширно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-12 16:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүсэг бишрэл бол ганцхан Монголд биш, дэлхийн  ард түмний дунд  байдаг зан үйл гэдгийг Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, Сүсэг бишрэл нь хүний сэтгэхүй дотор үүсэн бий болж, мэдлэг оюуныг тэлж, хүсэл мөрөөдөлтэй болгодог. Хүн төрөлхтний аз жаргал, зовлон бэрхшээл нэг л мэдэхэд сүсэг бишрэлтэй холбогдсон байдаг” гэлээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын онцлогыг Номын гурван хүрдэн сангийн тэргүүн доктор М.Батаагаас тодруулахад, “Энэ удаагийн хурлаар залуу эрдэмтэд тархи мэдрэл, шинжлэх ухаан, бясалгал хоорондоо хэрхэн холбогддогийг судалж, бие сэтгэлийн төгөлдрийг оюунаар дамжуулан олж авах тухай хэлэлцэж байна. Дээрхийн гэгээн 14 дүгээр далай багш манай улсад морилохдоо  монгол хүмүүст олон зуун жилийн буддын шашны мэдлэг, шинжлэх ухаанч оюун ухаан бий. Энэ бүхнийг хослуулж чадвал зөв төлөвшилтэй Монгол хүн олон болох төдийгүй нийгмийн хөгжил дэвшил, амар амгалан байхад чухал нөлөөтэй гэж айлдсан. Үүнийг бид ажил хэрэг болгож, залуу үеийг шинжлэх ухаанч байхаас гадна ёс суртахуунтай иргэн байгаасай гэж  үзсэний улмаас энэхүү хурлыг зохион байгууллаа” гэв.

 МУИС-ийн багш, доктор, профессор М.Гантуяа илтгэлдээ, “Ирээдүйн шашин бол орчин үеийн шинжлэх ухаан юм. Шашны тухай маш олон эрдэмтэн дүгнэж хэлсэн байдаг. Харин хүн төрөлхтөн тэр олон үгнээс нэгдмэл үзэл, ойлголтыг өөртөө бий болгох хэрэгтэй” хэмээв.

Харин Монголын Нейросайнсын нийгэмлэгийн гишүүн, АШУҮИС-ийн ахлах багш Г.Дарамбазар “Хүн  анхаарлаа төвлөрүүлэхэд тархины нэг л систем ажиллаж байдаг бол юунд ч санаа зовоогүй байхад олон бодолд төөрүүлдэг өөр нэг систем бий гэж эрдэмтэд үздэг. Харин бясалгал  нь тухайн цаг хугацаанд төвлөрөх явдал юм. Бясалгагч хүмүүс асуудлыг үл анзаарч, өөрийгөө ямар нэг зүйлд дайчилж, төвлөрч чаддаг. Ингэж сурсан хүн зүгээр үедээ тархи нь илүү сайн ажилладаг. Харин бясалгадаггүй хүний тархинд олон бодол эргэлдэж, сайн төвлөрч чаддаггүй” гэлээ.

Энэ жил 4 дэх удаагаа болж буй эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн мэргэд, лам хувраг, сүсэгтэн олон гээд нийт 150 гаруй хүн оролцов. 

 

 

Холбоотой мэдээ