Соёлтой үйлчилгээтэй, хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэв

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-17 11:25:44

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав үүрэгт ажлаа хүлээн аваад нэг сар орчим хугацаа болж байна. Тэрээр аймгийнхаа ажилтай  танилцаад хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил болон аймаг орон нутагт юун түрүүнд тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан албан даалгавар гаргаж аймгийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 16-нд зохион байгууллаа.

Албан даалгаварт цаг үеийн ажлыг эрчимжүүлж, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах тухайн онцлон тусгасан байна. Шуурхай зөвлөгөөний үеэр  аймгийн Засаг дарга  “Ард иргэд төрийн албан хаагч, төрийн байгууллагуудаас их зүйл хүлээхгүй байгаа. Гагцхүү та бүхнийг тэгш хүртээмжтэй,чирэгдэлгүй ажиллах, соёлтой, түргэн шуурхай үйлчлэх арга барилыг хүсч байгаа” гэв.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд "Тунгалаг төр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, биелэлтийг нь хангаж ажиллах асуудлыг танилцууллаа.

Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлыг тодорхой тусгасан аймгийн Засаг даргын 08 тоот албан даалгаврыг албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт хүлээлгэн өгч биелэлтийг тооцон ажиллахаар болов.

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сум, байгууллагын дарга, удирдлагуудад хандаж  төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм, сахилга, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэн хүнд суртлыг бүрэн арилгаж, авлигаас ангид байж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ ижил тэгш, зөв шударга, боловсон, найрсаг харилцааг хэвшил болгон иргэд хөдөлмөрчид, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай шийдвэрлэж, хариу мэдэгдэж байхыг үүрэг болгов.


                                                                                                                                                                    А.Бямбасүрэн

 


Холбоотой мэдээ