Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-10-18 10:48:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус сургуулийн хүндэт профессор цолыг "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин Ж.Баатархүү нарт олгов.

Эрдмийн зөвлөлийг төлөөлж анхны ерөнхийлөгч П.Очирбат үг хэлэв. Тэрбээр "Монгол Улсын уул уурхай, Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, "Монголросцветмет" нэгдэл болон "Эрдэнэт" үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэй харуулж байгааг нь үнэлэн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүндэт профессор цол олгож байна. Тэрээр хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер төдийгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм" хэмээн онцлов. Мөн ШУТИС-ийн профессор цол  хүртсэн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий баяжуулагч, Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин,техникийн шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг тодотгов.

ШУТИС нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэхүү эрхэм цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн хүртээд байгаа юм.

Холбоотой мэдээ