Шагайн намрын нээлтийн харваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-29 21:53:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн шагайн харвааны холбооны намар цагийн нээлтийн харваа болж 18 багийн харваач оролцлоо.

- Манай аймаг буюу Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу шагайн харвааны өлгий нутаг гэж үздэг учраас монголчуудын зан заншил, соёлын өвийн уламжлалт дэг жаягийг хадгалан хөгжүүлэх зорилго тавьж байгаа юм. Энэ удаагийн шагайн харвааны тэмцээний онцлог нь уламжлалт ёс жаягийг хатуу баримталж, шагайн харваа, шагайчид, үзэгчдийг хүндэтгэх үүднээс монгол дээл хувцастай, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг тэмцээнд оролцогчдоос шаардсан. Энэ дагуу дэг жаягтай тэмцээн боллоо гэж аймгийн Шагайн холбооны тэргүүн Б.Батцогоо ярьсан юм.

Шагайн харвааны тэмцээнд Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл” баг түрүүлж, Л.Түвшинбаяр ахлагчтай Төв аймгийн “Төв ургах майнинг” ХХК, С.Анар ахлагчтай Улаанбаатар хотын баг удаах байр эзэллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ